Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас автозамын боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх ажилд үнэлэлт өгөх зорилгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд чингэлэг тээврийн туршилтыг хоёр үе шаттай явуулж, ӨМӨЗО-оос ирсэн шалгалтын баг үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, тээвэрлэлтийн явцтай танилцаж, хяналт тавьж ажиллажээ.
Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг жигдрүүлэх хүрээнд Хуан Юй гаалийн баталгаат талбайд бараа бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч болох бөгөөд талбайд нэвтрэх жолооч, бусад ажилтнууд 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай байх шаардлагатай талаар Эрээн хотын Шуурхай штабаас мэдэгдсэн. Энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд “Хуан Юй ложистикс” талбайн гадна байгаа том оврын ачааг 3 хоногийн хугацаанд талбайд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн аж.
Эрээний тал 20-ны өдрөөс Эрээнд гацсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажил эхэлжээ. Зуны түлштэй, асахгүй удсан тээврийн хэрэгслийг асаах, эхний ээлжинд гаалийн бүрдүүлэлт хийсэн авто машинуудыг “0” цэгт тээвэрлэж хүргэх, улмаар гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй байгаа тээврийн хэрэгслийн бичиг баримтыг ойрын хугацаанд бүрдүүлж дуусган монголын талд шилжүүлж өгөх ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдрөөс эхлэн Хуан Юй гаалийн баталгаат талбай руу чингэлэгт ачих ачаа, барааг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд 50 чингэлэгт ачаа ачиж, хилийн “0” цэгт хүргэж ажлыг дээр дурдсан 130 гаруй автомашиныг Монголын талд шижлүүлж өгсний дараа эхлүүлэхээр төлөвлөж буйгаа Эрээн хотын удирдлагаас мэдэгдсэн байна.