Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Хаянхярваагийн хэргийн шийдвэрийн талаар дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал, “Д.Хаянхярваад холбогдох эрүүгийн хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр шийдвэрлэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам гэж байдаг. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх дараах таван нөхцөл байдаг.
- Гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон.
- Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн
- Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн.
- Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн таван үндэслэл байдаг.
Эдгээр таван үндэслэл хангагдаад прокурортойгоо ял тохироод орж ирж байгаа тохиолдолд шүүх асуудлыг нэн даруй шийдэх буюу долоо хоногийн дотор шүүх хуралдааныг шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байгаа. Эдгээр таван асуудлыг аль нэг нь дутмаг байх юм бол хэргийг прокурорт буцаах заалттай. Тийм учраас шүүгдэгч Д.Хаянхярваагийн хэрэг дээр хуулийн заалтын хүрээнд өөрөө прокурортойгоо ялаа тохироод орж ирсэн. Шүүх хуульд заасан үндэслэлийн дагуу асуудлыг шийдсэн” гэдэг тайлбарыг хийлээ.