Арванхоёрдугаар сарын 29-ний буюу ирэх долоо хоногийн Лхагва гараг бүх нийтийн амралтын өдөр байна. Энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярын өдөр тохионо. 2011 оноос уг баярын өдрийг улс нийтээр тэмдэглэж эхэлжээ.
Түүхийн хуудсыг сөхвөл одоогоос 110 жилийн өмнө Манж Чин улсаас салж, төр улс, тусгаар тогтнолоо энэ өдөр сэргээн мандуулж байж.
"Өвөр Монгол 1636 онд, Халх Монгол 1691 онд, Ойрад Монгол 1750-иад оны дундуур хүчээр Манжид эзлэгдсэнээс хойш дэлхийн газрын зурагт Монгол гэсэн нэртэй улс үгүй болсон.
Харин дахин сэргэсэн өдөр бол бидний тэмдэглэж байгаа 1911 оны арванхоёрдугаар сарын 29-н буюу цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн юм.
1911 оны энэ өдрийн морин цагт бурхны шашны тэргүүн Богдыг Монгол Улсын тэргүүнээр, түүний хатан Дондогдуламыг улсын их дагинаар өргөмжлөх төрийн их ёслол хүрээнд болсон байдаг.
УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг энэ өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд хийхээр товлосон байсан ч цуцлагджээ.