Marvel студийн ээлжит уран бүтээл “Spider-Man: No Way Home” уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт дэлхий даяар нээлтээ хийлээ. Цар тахлын улмаас санхүүгийн хямралд ороод байсан кинотеатрууд уг бүтээл томоохон сэргэлт авчирчээ.
Тухайлбал АНУ-ын кинотеатрын томоохон сүлжээ AMC нээлтийн өдөр 1.1 сая үзэгч хүлээж авснаа зарлажээ. Энэ нь тус сүлжээний түүхэнд арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн бүх кинонуудын дээд амжилт болсон байна.
Америкийн өөр нэг сүлжээ Cinemark “Бүх цаг үеийн хамгийн шилдэг нээлт” болсныг мэдээлжээ.
IMAX, 4DX, ScreenX, RPX зэрэг бусад кино театруудын сүлжээ бүгд “Spider-Man” тус тусынх нь шинэ дээд амжилтыг тогтоосон тухай мэдээлсэн юм.
“Spider-Man: No Way Home бидний төсөөлж байсан хүлээлтээс давлаа. Regal-ийн том дэлгэцээс кино үзэхээр хүмүүс эргэн ирж буйг хараад бидний сэтгэл хөдөлж байна. Гайхамшигтай уран бүтээл нийлүүлсэн Sony-гийн найз нартаа талархаж байна” гэж Regal сүлжээг эзэмшигч Cineworld компанийн гүйцэтгэх захирал Мүки Грэйдингерийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Sony Pictures компани шинэ киноны дистрибьюшнийг хариуцаж байгаа юм.