ДЭМБ-аас мэдээлснээр омикроны тохиолдол 1 хоногт 2 дахин нэмэгдэж гэрлийн хурдаар тархаж байгаа аж. Дэлхийн 89 оронд бүртгэгдээд буй коронавирусийн шинэ хувилбар омикрон олон нийтийн дунд дельта омгийнхноос илүү хурдан тархаж байна.
Өчигдөр буюу бямба гарагт ДЭМБ-аас өндөр мутацитай хэмээн тодорхойлогдож байгаа омикрон хувилбар хүн амын дархлаа өндөртэй орнуудад гэрлийн хурдаар тархаж байгаа бөгөөд энэ нь вирусийн дархлаанаас зайлсхийх чадвар, халдвар дамжих чадварын алинаас шалтгаалж буйг хараахан тодорхойлж чадаагүй байна.
Өнгөрсөн арван нэгдүгээр сарын 26-нд Өмнөд Африкийн эрдэмтэд омикрон хувилбарыг анх илрүүлснээс хойш вакцинд илүү тэсвэртэй, дельта хувилбараас илүү хурдан тархдаг гэдгээс илүү тодорхой судалгаа одоо болтол хийгдээгүй байгаа юм. Омикроны эмнэлзүйн хүндрэлийн талаарх мэдээлэл хязгаарлагдмал байгаа нь байдлыг илүү ноцтой болгож байгаа гэдгийг ДЭМБ онцлоод энэ бүхнийг тодорхойлоход илүү их мэдээлэл хэрэгтэй гэжээ.
Сануулахад, Их Британид омикроны халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсад энэ хувилбарын халдвар авсан хүний тоо хэдийн 10 000-ийг давжээ.