Тэжээж байсан сармагчиндаа мансууруулах бодис өгч, жорлонд урсгахыг оролдсон хэрэг гарчээ. Ньюпорт хотын Вики Холланд гэх эмэгтэй тэжээвэр сармагчинтайгаа зүй бус харьцаж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагджээ. Вики Холландын амьтантай зүй бус харьцаж буй бичлэгийн мөрөөр явсан цагдаа нар Вики Холландыг олж илрүүлэн тэжээвэр сармагчинг нь Амьтны эрхийг хамгаалах байгууллагад хүлээлгэн өгч хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс Вики Холландад бүх насаараа амьтан үрчилж, худалдаж авах, тэжээх эрхийг нь бүрмөсөн хориглох шийдвэр гаргажээ.
Эзнийхээ аймшигт харгислалын хохирогч болсон Милли нэрт сармагчинг Амьтны эрхийг хамгаалах байгууллага дархан цаазат газарт хүлээлгэн өгчээ. Сармагчны ертөнц хэмээн нэрлэгддэг уг дархан цаазат газрын малын эмч Анжела Кронин “ Милли анх ирэхдээ их цочирдсон байдалтай, тайван бус байсан ч бусад сармагчингуудтайгаа хурдан нийлж дотноссон” гэжээ. Тэр ч бүү хэл Милли дотнын найзтай ч болоод амжсан байна.
Милли мансууруулах төрлийн бодис болох кокайны улмаас царай нь улайх зэрэг хэвийн бус шинж тэмдэг илэрч байсныг цагдаа нар шүүхэд нотолжээ.