Мьянмарын удирдагч асан Аун Сан Су Чи шүүх хуралд шоронгийн дүрэмт хувцастай ирсэн тухай шүүх ажиллагаанд оролцсон эх сурвалж мэдээлжээ.
Нобелийн шагналт 76 настай түүнийг коронавирусын эсрэг өдөөн хатгасан, дүрэм зөрчсөн хэргээр энэ сард шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон. Гэхдээ дараа нь түүний хорих ялыг хоёр жилийн хорих ял болгон бууруулжээ.
Тэрээр шүүх хуралд ирэхдээ Мьянмарын хоригдлуудын ердийн дүрэмт хувцас болох цагаан цамц, хүрэн урт өмд өмссөн байсан гэнэ. Үндэснийхээ уламжлалт дэгжин хувцас өмсдөг, заримдаа үсэндээ цэцэг зүүн гоёдог байснаараа алдартай Аун Сан Су Чи шүүх хурал дээр шоронгийн дүрэмт хувцастай анх удаа харагдсан нь шүүх хуралд оролцож буй хүмүүсийг цочирдуулсан гэж эх сурвалж тодотгосон байна.
Энэ удаагийн шүүх хурал Аун Сан Су Чигийн эсрэг үүсгэсэн 10 орчим хэргийн анхных нь шийдвэрлэгдсэн хэрэг байлаа. Түүний эсрэг үүсгэсэн хэргүүдийн нийт ял 100 гаруй жилийн хорих ял ногдох төлөвтэй байгаа юм.
Нэгэн цагт Мьянмарын тусгаар тогтнолын баатар болж байсан Аун Сан Су Чи цэргийн дэглэмийг эсэргүүцснийхээ төлөө олон жил гэрийн хорионд байсан ч 2010 онд суллагдаж, 2015 оны сонгуульд Ардчиллын төлөөх үндэсний лиг намтайгаа үнэмлэхүй ялалт байгуулж байсан юм.
Харин түүний ялалт бүхэн энэ оны хоёрдугаар сарын 1-ний цэргийн эргэлтийн дараанаас ялалт бус гэм болон хувирсан. Аун Сан Су Чи-гийн шүүх хурал хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болж, түүний өмгөөлөгчдийг сэтгүүлчид болон олон нийттэй харилцахыг хориглосон байна.