Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд тодоор бичигдэх бахархам амжилтыг дархлан үлдээлээ. Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичив.
Тэрбээр огцмоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байсан. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр арын өрсөлдөгчөөсөө зургаан кг-аар илүү гарч, алтан медалийн эзэн боллоо. Хэдхэн сарын өмнө Токиогийн олимпын шагналт байрт шалгарсан М.Анхцэцэг маань ийнхүү хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичиж, ДАШТ-ээс алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, анхдагч болж байв. Үүний дараа 2019 онд дахин хүрэл медаль хүртэж, медалиа ихэрлүүлсэн түүхтэй.
Жил бүрийн арван хоёрдугаар сарын 3-ы өдөр Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичиж байлаа. М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн тэрхүү өдрийг “Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ.
Түүний гэр бүлийн хүн УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал. “Драм гурав” хамтлаг болон “Царцаа Намжил, “Ромео Жульетт зэрэг жүжигт тоглож байсан мөн “Тэрбумын хэрэг” кинонд тоглосон. Хосууд удам залгах бяцхан хүүтэй.
М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэж явна. М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн. Түүний аав Т.Мөнжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар3 спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн, цэргийн хүн. Тэрбээр айлын том охин ба 2 эмэгтэй дүү нь хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг юм.