Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл батлагдлаа.
Уг хуулийн төслийн онцлох заалтуудыг хүргэж байна.
- Хуулиар виртуал хөрөнгийн зах зээлийн харилцааг бүхэлд нь зохицуулахгүй. Зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч /бирж/-ийг бүртгэх, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг зохицуулж байгаа. Монгол Улсад бүртгэлтэй компанийн гадаад улсруу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх харилцаа мөн хуулийн үйлчлэлд орно.
- Хууль өнөөдөр батлагдаж, ердийн журмаар буюу Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дараа Хороо бүртгэлийн материал хүлээж авна. Ингэхдээ эхний 3 сар одоо байгаа биржүүдийн материалыг хянана.
- Хуулийг ерөнхий зохицуулалттай баталж, Хороонд биржийг бүртгэх, үйл ажиллагаанд тавих шаардлага тодорхойлох, тохиромжтой этгээдийг тодорхойлох, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, тавигдах шаардлага тодорхойлох, зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх, үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, үйл ажиллагаанд аудит хийх этгээдийг бүртгэх, биржүүдийн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлох зэрэг 8 журам батлах эрх олгосон. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын саналаар журмаар өөртөө хуульд зааснаас бусад бүрэн эрх олгохыг Хороонд хориглох зохицуулалт орсон.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээг виртуал хөрөнгийг албан ёсны мөнгөн тэмдэгтээр, виртуал хөрөнгийг хооронд нь арилжих; виртуал хөрөнгийг шилжүүлэх, виртуал хөрөнгөд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах, виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх хүрээнд тодорхойлсон. Тус үйлчилгээг Хороонд бүртгүүлснээр эрхлэх ба ийнхүү бүртгүүлснээр өөр үйл ажиллагаа эрхлэхийг биржид хориглож байгаа. Бүртгүүлэхгүй үйл ажиллагаа эрхлэхийг зөрчилд тооцож 200 сая төгрөгөөр торгоно. Хороо хуульд заасан шаардлага хангаагүй биржийг бүртгэхгүй гэж бас хуульчилсан. Өчигдөрийн ажлын хэсгийн мэдэгдэл дээр бүртгээгүйн улмаас иргэнд хохирол учирч болно, хохирлыг төр хариуцахгүй гэдгийг анхааруулж байна лээ.
- ICO буюу биржээр дамжуулахгүйгээр виртуал хөрөнгийг нийтэд санал болгож худалдахыг, ийнхүү худалдахаар сурталчлахыг хориглосон. Зөрчсөн хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно.
- Хуулиар виртуал хөрөнгийг эдийн бус хөрөнгө болохыг тодорхойлсон. Монголбанк төлбөрийн хэрэгсэл болохгүй гэж удаа дараа мэдэгдэж байгаа ч төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнтэй хөрөнгө юмаа гээд энэ хууль дээрээ тодорхойлсон байгаа. Цаашид практикаараа хэрэглээ нь тогтох байх.
- Бирж нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө СТОУС мөрдөж, жил бүр Хороонд бүртгүүлсэн аудитын компаниар аудит хийлгэнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлнө. Санхүү мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээд болно.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх хүсэлт гаргагч 16, Гүйцэтгэх удирдлагад 4 төрлийн шаардлага тавьж байгаа. Мөн биржийн харилцагчтай байгуулах гэрээнд заавал тусгах 13 агуулгыг хуульчилсан. Товчдоо, мэдээлэл, технологийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хангасан байх, ингэж ажиллаж чадах хүний нөөцтэй байхыг шаардаж байгаа. Хороо эдгээр шаардлагыг хангасан эсэх асуудлаар биржүүдийн холбоогоор дүгнэлт гаргуулж болохоор заасан.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах 6 сараас 2 жил хүртэл, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг урвуулан ашиглах 2 жилээс 8 жил хүртэл хорих ялтай 2 гэмт хэрэг нэмэгдсэн. Эдгээр гэмт хэрэгт Эрүүгийн цагдаа, Тагнуул харьяалан шалгана.
- Биржийн үйл ажиллагаа болон виртуал хөрөнгөтэй холбоотой зар сурталчилгаанд сурталчилж буй виртуал хөрөнгөд шууд хамаарахгүй тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах, арилжаанд оролцсоноор олох ашиг, өгөөжийн талаар таамаглал дэвшүүлэх, амлалт өгөх, нийтэд санал болгох, худалдах виртуал хөрөнгийн талаарх танилцуулга, мэдээлэлд дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж, нийтэд танилцуулах, эсхүл хязгаарлалт тогтоосон виртуал хөрөнгийг сурталчлахыг бүрэн хориглосон.
- Виртуал хөрөнгийг хувьцаанд хөрвүүлэхийг хориглох заалт хасагдсан. Гэхдээ үнэт цаас, компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээтэй адилтган сурталчлахыг хориглосон.
- Хорооноос МУТС тэмцэх зорилгоор биржийн гүйлгээ илгээх, хүлээн авах, харилцагч, харилцагчийн хүрээ хязгаар, гүйлгээ хийгдэх гадаад улс, эсхүл тодорхой хуулийн этгээд, гадаад улсаас хөрөнгө оруулалт татах болон бусад үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, биржийн үйл ажиллагааны онцлог, зөрчлийн шинж байдлыг харгалзан үйл ажиллагааг хязгаарлах, түр зогсоох, эсхүл бүртгэлээс хасах эрх хэмжээтэй байгаа.