Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим шилжилтийг хийхэд шаардлагатай байгаа хуулийг УИХ-аас эцэслэн баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдал, Хувь хүний мэдээллийг хамгаалах, Цахим гарын үсгийн, Кибер аюулгүй байдал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг тус тус эцэслэн баталсан. Ингэснээр цахим үндэстэн болох хууль эрх зүйн орчин бүрдлээ. Эдгээр хууль ирэх оны тавдугаар сарын 1-нээс үйлчилж эхэлнэ.
Төрд хадгалагдаж байгаа мэдээллийг гурван хэсэгт ангилахаар болж байгаа.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль батлагдсанаар
- Тусгай зөвшөөрөлтэй холбоотой, хот болон газар зохион байгуулалт төлөвлөлт түүнд оруулж буй нэмэлт өөрчлөлт, газар эзэмшигчийн бүхий л мэдээлэл
- Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын болон үйл ажиллагаа
- Шинээр баригдаж байгаа барилгыг хэзээ улсын комисс хүлээж авах, ашиглалтад орох,
- Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ байгуулсан гэрээ газар ашигласны төлбөр,
- Улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хандив,
- Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдэл,
- Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчдын талаар, (Дарга нарын хүүхэд төрийн зардлаар гадаадад сурч, мөнгөө эргэж төлдөггүй гэсэн мэдээлэл олон яригддаг. Энэ чиглэлээрх зохицуулалт юм) зэрэг мэдээлэл нээлттэй болж байна.
Таван чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй мэдээлэл болгож байгаа. Төр нийтийн зарлан мэдээллээ 16 насанд хүрсэн иргэн бүрд и-мэйл хаягаар хүргэнэ. Гадаад паспорт, жолооны үнэмлэхийн хугацаа хэзээ дууссан талаар болон сурагчдын амралт хэзээ эхлэх зэрэг мэдээллийг хүргэх юм " гэв.