Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нарыг ОХУ-ын "Газпром" НХН-ийн ТУЗ-ийн орлогч дарга Бурмистрова Елена Викторовна, Маркелов Виталий Анатольевич, Ганкевич Мария Александровна тэргүүтэй албаны төлөөлөл өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойгоор дараагийн 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээх нэгэн том төсөл болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн ажил цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлаас үл хамааран Хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу эрчимтэй урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Өнгөрөгч аравдугаар сард уулзахад хэлэлцэж тохирсончлон Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлалаас өмнө Байгалийн хийн хоолой барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг эцэслэнэ гэсэн зорилтдоо хүрсэн учраас дараагийн хэлэлцээр болон бусад баримт бичгийн төслүүдийг боловсруулах ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэв.
"Энэхүү төсөл нь манай хоёр орны “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-г баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл бөгөөд хоёр улсын төр засгийн түвшинд, ялангуяа Төрийн тэргүүнүүд өндөр ач холбогдол өгч дэмжин ажиллаж буйд талархалтай байна" хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мөн үеэр онцолсон юм.
Шадар сайдын зүгээс Байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтнүүдийг дотооддоо болон ОХУ-д бэлтгэх, сургах асуудлаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн.
"Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Газпром” НХН-ийн Захирлуудын зөвлөлийн дарга, ТУЗ-ийн дарга А.Б.Миллэртэй өнгөрсөн тавдугаар сард хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын олон улсын стандартын шаардлага хангасан ноос, ноолуур, арьс, шир, нэхий болон махан брэнд бүтээгдэхүүнийг “Газпром”-ын хэрэгцээнд нийлүүлэх санал дэвшүүлсэн. Энэ асуудлыг ажил хэрэг болгохоор Монголын талаас эхний ээлжид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний танилцуулга, үнийн саналыг А.В.Маркелов даргын ажлын албанд хүргүүлсэн байгаа.
Танай талаас авах боломжтой бараа бүтээгдэхүүний мэдээллээ ойрын хугацаанд эцэслэж өгвөл дараа дараагийн худалдаа үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж найдаж байна" хэмээн уулзалтын төгсгөлд Шадар сайд хэллээ.
Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба