70 дахь удаагийн "Дэлхийн мисс" тэмцээний финал энэ сарын 16-нд буюу Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө 08:00 цагт болох байсан ч дэлхийн нийтийг хамраад байгаа коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хугацаанд хойшлогдоо.
Тэмцээнд оролцогчид, арын албаны ажилтнууд, багийнхан болон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдлээс хамгаалах үүднээс АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд болохоор төлөвлсөн сүүлийн шатны шалгаруулалтыг хойшлуулж, 90 хоногийн дотор дахин товлох тухай “Miss World”-ийг зохион байгуулагчид албан ёсоор мэдээллээ.
Вирусийн тархвар судлаач, эмнэлгийн мэргэжилтнүүд Пуэрто Рикогийн Эрүүл мэндийн газартай ярилцан зөвшилцсөнөөр уг шийдвэрийг гаргасан байна.
Тайзан дээр гарах болон хувцас солих өрөөнд халдвар тархах эрсдэл нэмэгдэж, миссүүдээс хэд хэдэн эерэг тохиолдлууд батлагдсан аж. Эмнэлгийн мэргэжилтнүүд ийм нөхцөлд нэн даруй хорио цээрийн дэглэм тогтоон, ажиглалт, шалгалт хийх шаардлагатай хэмээн үзжээ.
Тэмцээнд оролцогчид болон ажилтнуудыг эмнэлгийн байгууллагынхны зөвшөөрлөөр эх орон руу нь буцаах юм байна. “Оролцогчид маань дэлхийн миссийн титмийн төлөө өрсөлдөхөөр эргэн ирэхийг цагийг бид тэсэн ядан хүлээж байна" хэмээн “Miss World”-ийн захирал Жулиа Морли хэлжээ.
"Дэлхийн мисс-2021" тэмцээнд эх орноо төлөөлөн үндэсний биет бус өв соёлоо тээгч, уран нугараач, мисс А.Бөртө-Үжин дэлхийн 130 гаруй орны миссүүдтэй өрсөлдөж байгаа. Тэрээр уран нугаралтаараа тэмцээний "Аввяас" шалгаруулалын шилдэг нь болж, хагас шигшээд өрсөлдөх эрхээ аваад байсан юм.
"Дэлхийн мисс-2021" тэмцээний финалын шатны шууд дамжуулалтыг MNC телевиз дамжуулахаар бэлдээд байсан бөгөөд тэд өнөөдөр өглөө товлосон цагтаа Дэлхийн мисс тэмцээний талаар болон Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа мисс А.Бөртэ-Үжиний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн хүргэлээ.