Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Сургуулийн өмнө боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Төрийн үйлчилгээний байгууллагын 1-3 дугаар зэрэглэлийн ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэхтэй холбогдуулан хүндрэлтэй нөхцөл үүссэн. Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг цэцэрлэгийн тогооч, эмч, манаач, үйлчлэгчийг хувийн хэвшилд шилжүүлж гэрээт ажилтан болгох асуудал яригдаж эхлээд байна. Ажилчдыг "Гэрээт" болгож байдлыг дордуулахгүй байх шаардлагыг УИХ, Засгийн газарт шаардлага тавьсан ч тодорхой хариу өгөөгүй учраас ийнхүү хэвлэлийн хурал хийлээ.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлээр цалинждаг албан хаагчдыг гэрээт ажилтан болгохыг улс орон даяар эсэргүүцэж байна. Эдгээр ажилтнуудын дийлэнх нь 40-өөс дээш настай, 470-550 мянган төгрөгийн цалинтай. Түүнээс гадна баталгаатай ажлын байр, ажилласан жилээс хамаарч 2 саяас 12 саяын тэтгэвэр авна гэсэн хүлээлттэй ажилладаг.
Ажилчдын эрх ашгийг ҮЭ-ийн байгууллагатай зөвшилцөхгүйгээр шийдвэр гаргасан нь тэдний амьдралын нөхцөл байдлыг дордуулах нөхцөл үүсэж байна. Тиймээс тэмцлээ үргэлжлүүлж Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлж байна." гэлээ.
Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга н.Ганболд "Төрийн бүтэц данхар байгаа бол яагаад ядарсан ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн ажилчдаар оролдоод байгаа юм бэ. Ланд унасан элдэв яамдын зөвлөхийг цөөлж зардлаа хэмнэ. Ядарсан ажилчдынхаа цалин нэм. Өнөөдөр гэрээт ажилчдад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бүх нөхцөл байхгүй болно. Цалин буурна, нийгмийн хамгаалал байхгүй болох учраас үүнийг эсэргүүцэж байгаа юм. Хөвсгөл аймагт судалгаа гаргахад энэ өөрчлөлтөд 2000 хүн орохоор байна. Гэтэл 2000 хүний ард байгаа олон мянган ар гэр нь хүнд байдалд орж байна. Би энэ асуудлаар Б.Жавхлан сайдад албан бичиг хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл хариу алга. Мөн өнгөрсөн хавар А.Ариунзаяа сайдад хүсэлт тавьсан өнөөдрийг хүртэл хариу байхгүйд бухимдалтай байна " гэлээ.
МҮЭ, Сургуулийн өмнө боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хороо, 21 аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны шаардлага:
Төрийн үйлчигээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлээр цалинждаг ажилчдын өмнө тулгарч буй дараах асуудлуудыг дэмжин УИХ, Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ний дотор хэрэгжүүлэхийг дахин шаардаж байна.
Үүнд:
- Засгийн газраас төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн ажилчдыг гэрээт болгохоор гаргасан шийдвэрээ цуцлах
- Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн хорооны 2021 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөрт хүргүүлсэн шаардлагын хариуг дээр дурдсан хугацаанд ирүүлэх, шаардлагын хариуг дурдсан хугацаанд ирүүлж, холбогдох арга хэмжээг аваагүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ.