Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Түр хорооны хуралдааны үеэр Эс Ай Си Эй ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг Улаанбаатар хотын тулгамдсан асуудал сэдэвт түүвэр судалгааны дүнг танилцуулсан юм.
Нийслэл хотод тулгамдаж буй асуудлын талаарх түүвэр судалгаанд есөн дүүргийн 600 иргэнийг хамруулан Улаанбаатар хотын хувьд тулгамдсан асуудал нь юу байна гэдгийг тодотгон гаргасан. Нийслэл хотын хувьд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл сайжирсан гэж зургаан хүн тутмын нэг нь үнэлсэн бол, үгүй гэж дөрвөн хүн тутмын нэг нь үзэж байх жишээтэй. Одоо тулгамдаж буй асуудлыг дэд бүтцийн, нийгмийн, эдийн засгийн гэсэн гурван бүлэгт хуваан ангилсан. Дэд бүтцийн тулгамдсан асуудлын тэргүүнд автомашины зогсоолыг нэрлэсэн бол гэр хорооллын дахин төлөвлөлт, явган болон дугуйн зам, зай завсаргүй барьсан барилга байгууламж, ногоон байгууламж дутмаг байдал гэсэн асуудлуудыг иргэд нэрлэсэн байна. Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, сургуулийн хүртээмж гэсэн асуудлыг ч дурджээ. Энэхүү тулгамдсан асуудал нь гэр хороолол болон орон сууцанд амьдарч буй иргэдийн хувьд мөн ялгаатай. Гэр хорооллын дахин төлөвлөлт хамгийн чухал гэж гэр хороололд амьдардаг иргэд хэлсэн бол автомашины зогсоолын хүртээмжгүй байдал орон сууцанд амьдарч буй иргэдийн хамгийн тулгамдсан асуудал байна.
Нийгмийн асуудлын тухайд замын түгжрэл, агаарын бохирдол, архидалт, хог хаягдал, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал сэтгэл зовоосон асуудал гэжээ. Урьд нь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хамгийн эхэнд бичигдэж байсан бол энэ удаа тавдугаарт эрэмбэлэгдсэн. Харин эдийн засгийн асуудлын тухайд судалгаанд оролцогчдын 66.8 хувь нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, 45 хувь нь цалин тэтгэврийн хүртээмж муу байна гэжээ. Мөн иргэдийн амьжиргааны түвшин, ядуурал, жижиг, дунд бизнес эрхлэх боломж, ядуурлыг тулгамдаж буй асуудал хэмээн нэрлэжээ. Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо байгуулагдсаны дээр хэд хэдэн хуулийн шинэчлэл нь хотын хөгжилд нааштай өөрчлөлт авчирна гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа бөгөөд тэд хамгийн түрүүнд авто замын түгжрэлийг бууруулах, цалин тэтгэвэр тэтгэмжийг өсгөж эдийн засгийн хямралыг арилгах, амьдрах орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах байх гэж хүлээж буй нь харагдсан хэмээн өгүүллээ.
Судалгааны багийнхны зүгээс хийж хэрэгжүүлэх ажлыг асууж эрэмбэлэхэд 96.3 хувь нь явган хүний зам барих, 93 хувь нь дугуйн зам барих, 92.8 хувь нь давхар зам, гүүрэн байгууламж бий болгохыг дэмжсэн байна. Түүнчлэн нийтийн тээврийн автобусны тоог нэмэх, метро байгуулах, дагуул хот, дэд төв байгуулах зэрэг ажлуудыг иргэд өндөр хувиар дэмжсэн хариулт өгчээ.
Судлаачид дэмжихгүй байгаа асуудлуудыг ч мөн асуулгад багтаан эрэмбэлэн жагсаажээ. Тухайлбал, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн онцгой албан татвар болон бусад татварыг нэмэхийг судалгаанд оролцогчдын 65.5 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол хотын иргэний татвар бий болгохоос 64.8 хувь нь татгалзжээ. Хотын авто зам, гүүрийг төлбөртэй, төлбөргүй болгож ялгахыг 63.7 хувь эсэргүүцэж, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохыг хориглохыг 50.8 хувь нь, хөдөөгийн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарлахыг 58 хувь нь, нэг өрх нэг автомашинтай байх, нэгээс дээш автомашинтай бол татварыг хоёр дахин нэмэгдүүлэн тооцдог болохыг 54.8 хувь нь, дугаарын хязгаарлалттай өдрийн тоог нэмэхийг 50.8 хувь нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Эдгээрээс судлаачид “Иргэд төрөөс хийж хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлыг ихээхэн шаардаж байгаа ч иргэдийн өөрсдийнх нь зүгээс оролцоог нэмэгдүүлсэн, хариуцлага шаардсан, татвар хураамж нэмэгдүүлсэн арга хэмжээг дэмжихгүй байгаа нь ажиглагдлаа. Авах зүйлд “тийм”, өгөх, үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд “үгүй” гэж хариулж байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС