
Их Британийн хүмүүнлэгийн байгууллагууд нэгдэн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй НАЙМАН сая Афгани иргэнд туслах уриалга гаргажээ. Ядуурал, мөргөлдөөн, ган гачиг, хүмүүнлэгийн санхүүжилт зогсонги байдалд орсон Афганистанд өглөгийн гараа сунгах боломжтой гэдгийг тусламжийн байгууллагын ажилтнууд онцоллоо.
Их Британийн хүмүүнлэгийн 15 байгууллага нэгдэн Гамшгийн Онцгой байдлын хороо (DEC) гэгчийг байгуулжээ.
Их Британийн Хүүхдийг Ивээх Сангийн хүмүүнлэгийн үйл ажиллагааны захирал Фиона МакШихи хэлэхдээ: "Афганистаны хүн амыг дэмжих боломж бидэнд маш бага бий. Одоо Афганистанд байдал маш муу байна. Өвөл болж буй учир яаралтай хийх хэрэгтэй ажил их байна” гэжээ. Лхагва гарагт гаргасан уриалгад Афганистанд бүх нийтээрээ ядуурч, хүн амынх нь 97 хувь ядуурлын шугамаас доогуур амьдрах эрсдэлт нөхцөл байдалтай холбогдуулан зөвхөн Их Британи гэлтгүй дэлхийн улс орнуудад хандаж буй нь энэ аж.
2022 онд хүмүүнлэгийн хямрал улам дордох эрсдэлтэй орнуудын жагсаалтыг Афганистан тэргүүлж, Этиоп, Йемен хоёр, гуравдугаар байрт орсон байна.
Их Британи тусламжаа нэмэгдүүлж, дипломат нөлөөгөө ашиглан Афганистаны эрх баригчдад эмэгтэйчүүд, охидын эрхийг хангахын тулд шахалт үзүүлэх ёстой гэж үзэх хүмүүс ч байна.
АНУ зэрэг улсууд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хүмүүнлэгийн санхүүжилтээ царцаасан нь эрүүл мэндийн тогтолцоог сүйрүүлэхэд хүргэсэн гэж уриалга гаргагчид үзжээ.