Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны айлчлал хийхээр ОХУ-д өчигдөр очсон. Өнөөдөр тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Кремлийн ордонд уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм.
Түүнийг олон улсын “Внуково-2” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд И.В.Моргулов нар угтан авчээ.
Монгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцааны тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа гэдгээс гадна энэхүү айлчлалын өөр нэг онцлог нь сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсад Монголын төрийн тэргүүн албан ёсоор айлчилж буй анхны тохиолдол болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх транзит Монгол болохоо НҮБ-ын индэр дээрээс зарлаж байлаа. Тиймээс энэхүү айлчлалаар ОХУ, Монголын эдийн засгийн харилцааг өргөжүүлж, хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн коридор, байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор дамжуулах зэрэг томоохон төслүүдийн талаар хөндөх аж.
Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Соёлын сайд Ч.Номин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Н.Энхболд, Д.Өнөрболор зэрэг албаны хүн багтсан байна.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг авч үзвэл энэ оны эхний 11 сарын байдлаар хоёр талын худалдааны эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 1.7 тэрбум ам.доллар нь импорт байгаа бол экспортын хэмжээ 100 сая ам.доллар байв.
Оросоос Монголчууд газрын тосны бүтээгдэхүүн, улаан буудай, цахилгаан эрчим хүч, автомашин, вагон худалдаж авдаг бол гянт болд, зэс, жонш, адууны мах, чулуун нүүрс, сүлжмэл зэрэг цөөн тооны нэрийн бүтээгдэхүүн гаргадаг.