Франц улс Каналын сувагт осолдож амиа алдсан 27 хүний 26-гийнх нь хэн болохыг тогтоосон гэдгээ мэдэгдлээ. Эх баригчдын мэдэгдсэнээр осолд ихэвчлэн Иракийн курдууд живсэн байжээ.
Уг харамсалтай явдал өнгөрсөн сард Дюнкеркийн Лүүн далайн эрэгт тэмдэглэгдсэн юм. Завьтай дүрвэж явсан 19-26 насны 17 эрэгтэй, 22-46 насны 7 эмэгтэй, мөн 216 настай өсвөр насны 1 хүүхэд, 7 настай 1 хүүхэд бүгд живж нас барсан гэдгийг Парисын прокурорын байгууллагын мэдэгдэлд дурджээ. Амиа алдагсдын 16 нь курд, 4 нь афган, мөн 3 этиоп, сомали эмэгтэй, иран, египет эрэгтэй байсан гэнэ.
Орогнол хүсэн дүрвэж ирэх замдаа осолдож амиа алдсан хүмүүсийн хэн болохыг тогтоох бэрхшээлтэй байдаг бөгөөд тэд албан ёсны бичиг баримтаа авч явдаггүй.
Харамсалтай мэдээ цацагдсаны дараа талийгаачдын дунд ойр дотнын хүн нь байгаа эсэхийг мэдэхийг хүссэн хүмүүс Францын хойд хэсэгт орших Лилль хотын шүүх эмнэлэгт ирцгээсэн байна.
Францын мөрдөн байцаагчид ослыг илүү тодорхой тогтоохоор ажиллаж байна.
Иракийн Rudaw сувагт энэхүү ослоос амьд үлдсэн хэмээн өөрийгөө тодотгосон нэгэн хүн “онгоц живж эхлэхэд зорчигчид Франц, Их Британийн онцгой байдлын алба руу утасдаж, тусламж хүссэн” гэсэн мэдээллийг Францын мөрдөн байцаагчид шалгаж эхэлжээ.
Энэхүү осол нь Каналын суваг дахь цагаачдын завьтай холбоотой нэг дор хамгийн олон хүн амиа алдсан осол болж байгаа аж. Франц, Английн хоорондох сувгийн усан замыг гатлан орогнол хүсэж ирэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж буйг Францын эрх баригчид онцолсон юм.
Каналын сувгаар дүрвэгсэд нэвтрэх, замдаа осолдох явдал нь Лондон, Парисын хооронд хурцадмал байдал үүсгэдэг.
Ослын дараа 48 цагийн дотор Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоныг Каналын сувгаар дүрвэгсэд зорчих явдлыг зогсооход анхаарал хандуулдаггүй гэж буруутгасан. Үүнийх нь хариуд Борис Жонсон эргээд Францыг буруутгаж, улмаар Макрон руу захидал бичиж, Францын удирдагч хүлээн авахаас өмнө өөрийн твиттер хуудсандаа бүрэн эхээр нь нийтэлсэн нь Францчуудыг бухимдуулсан юм. Каналын сувгаар зорчих дүрвэгсдийн асуудал Франц, Англи хоёр орны дипломат харилцаанд сэв суулгаж байгаа төдийгүй энэ байдал улам хурцдах вий гэдгээс эмээж буйгаа шинжээчид бичжээ.