Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Гуравдугаар тундаа хамрагдсан иргэдийг шинэ жилд орохыг уриалж байгаа ч одоогоор иргэдээ гуравдугаар тунд хамрагдсан эсэхэд хяналт тавих боломжгүй байна.
-Вакцин хэдийгээр сайн дурынх ч гэсэн иргэдээ аль болох гуравдугаар тундаа хамрагдахыг уриалж байна. Нэг хоёрдугаар тунд хамрагдаагүй нийт 216 мянган иргэн байсан бол одоо 100 мянга гаруй болоод байна. Сүүлийн үеийн судалгаагаар вакцин омикрон шинэ хувилбарт үйлчилж байна гэж үзэж байгаа учраас вакцины хамрагдалтыг идэвхжүүлэх шаардлагатай байна.
-Замын-Үүдийн нөхцөл байдалтай холбоотойгоор Тяньжин зэрэг бусад боомтын ачаа барааны асуудлыг шийдэхгүй байна гэж яриад байна?
-Тяньжиний боомтоос наашаа ирж байгаа чингэлгүүдийг галт тэргээр үе шаттай татаж байна. Хүнс, ногоо жимс зэрэг бараа бүтээгдэхүүнийг галт тэргээр татан авах ажил хэвийн явж байна. Хэвийн явж байгаа ч бүрэн татан авч чадахгүй байна. Учир нь маш олон ААН Эрээнээр татан авалтаа хийж байгаа учраас хил хаахаас өмнө хоцорсон, орхигдсон бараа бүтээгдэхүүнийг чингэлгээр авах асуудлыг Хятадын талтай тохирсон. Харамсалтай нь тодорхой хугацаагаар Хятадын талаас хойшлуулсан учраас Зам тээвэр, хөгжлийн яам, Гадаад харилцааны яаманд үүрэг өгч, гэрээ хэлэлцээрийг түргэвчлүүлэх үүрэг өглөө. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
Хятадын талд ачаатай, ачаагүй нийт 150 орчим машин гацсан байсан. Өнгөрсөн 2-3 хоногийн хугацаанд хилийн зурваст 150-иад машин, наашаа 50-иад машин орж ирсэн. Хятадын талаас татан авалтын хяналт шалгалтын төвөөс ажлын хэсэг Эрээнд очиж шалгалт явуулна. Түүний дараа автомашинуудаа татан аваад, үргэлжүүлээд чингэлгээр татаж авах ажлууд хийгдэх төлөвтэй хүлээгдэж байна.
Бид ярьсан хэлсэн мэдээллийг өгч байгаа боловч биднээс шалтгаалахгүй, Хятадын талаас хойшлуулах асуудлууд гараад байна. Аль болох нэг цаг, нэг хоногийн өмнө ч болов татаж авах ажлыг ЭСЯ, Зам тээврийн яам, ГХЯ гэх мэт бүх сувгаараа ажиллаж байна.
Бусад боомтууд болох Ханги болон Гашуунсухайтын боомтоос бараа татан авах боломжтой. Цаанаас бараа татаж авахдаа иргэд Эрээнээр биш Ханги, Гашуунсухайтаас авах боломжтой. Боомтуудаас УБ руу ирэх замын нөхцөл байдлаас болоод ААН, иргэд жаахан удаашралтай байх шиг байна. Гашуунсухайт, Ханги боомтод хүнсний лаборатори байршуулсан. Гэх мэтчилэн бусад боомтод үйл ажиллагааг жигдрүүлэх ажлууд хийсэн.
-Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор ямар арга хэмжээ авч байна вэ? Вакцины хангамжийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-ХХААХҮЯ-наас өнгөрсөн наймдугаар сард малын вакцин оруулж ирэх асуудлыг УОК-т танилцуулсан. Нийт 5 тэрбум төгрөг шийдвэрлэж өгсөн. Малын вакциныг татаж аваад аймгууд руу нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар вакцин тасарсан асуудал байхгүй. Аймгийн удирдлагуудтай бүсчилсэн хэлбэрээр шуурхай бүлэг гаргаж ажиллуулж байна.
ХХААХҮЯ, Малын эмнэлгийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын төв зэрэг энэ асуудлыг хариуцсан байгууллагууд бий. Эдгээр байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгөөд, малын шүлхий, товруу өвчин тархсан газруудыг хяналтад авах, орон нутгийн удирдлагууд шуурхай штаб томилж ажиллуулах, малчдад мэдээлэл өгөх, шаардлагатай зохион байгуулалтыг хийж, асуудлыг шийдвэрлэх зэрэг үүрэг даалгавар өгсөн. Ахиц дэвшил гарахгүй бол зарим арга хэмжэээ авна.
-Төрийн байгууллагууд салхинд гарах нэрийдлээр шинэ жил тэмдэглэж байна. Үүнд ямар хяналт тавих вэ?
-Засгийн газар төрийн байгууллагыг шинэ жил тэмдэглэхийг хориглосон. Хүн болгоныг хянаад байх боломжгүй учраас хүмүүсийн ухамсрын асуудлаас шалтгаална. Хариуцлагатай алба хашиж байгаа төрийн албан хаагчид анхаарч ажиллах ёстой. Тодорхой баримттай мэдээлэл байвал мэдээж арга хэмжээ авна.