Автобус үйлчилгээний чанар муу, хогтой, хүйтэн, хүрэлцээ бага, удаан хүлээдэг гэх зэрэг асуудал иргэдэд тулгарсаар ирсэн. Тулгарсаар ч байна. Жилийн жилд, ялангуяа өвлийн улиралд энэ сэдэв гол асуудал болох нь бий. Гэвч иргэдийн дийлэнх нь энэ гомдол, саналаа албан журмаар холбогдох байгууллагад нь хэлж, гаргаж үзээгүй. Хий дэмий бухимдаад л өнгөрдөг билээ. Энэ нь тав тухтай орчноо өөрсдөө бүрдүүлж, үйлчилгээ шаардаж сураагүйн илрэл юм. Автобусны хаалганы дээд талд байрлах цахим хаяг, утасны дугаарыг тоодог хүн ч гэж үгүй.
Тиймээс бид энэ удаагийн сурвалжилгаараа нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад иргэдийн оролцоо чухал гэдгийг харуулахыг зорилоо. Ингээд нийтийн тээвэр үйлчилгээний газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос, санал гомдол хэрхэн гаргах, гаргасан гомдлын хариуд арга хэмжээ авдаг эсэх талаар тодруулсан юм.
Тэрбээр, “Мэдээж гомдол гаргах иргэд бий. Жолооч зүй бус харьцаж байна, бэлэн мөнгө авч байна, тамхи татаад байна гэх гомдол их ирдэг. Бидэнд гомдол хүлээж авдаг журам гэж бий. Тухайн иргэн өөрийн нэр, регистрийн дугаарыг хэлээд журмын дагуу өгч байгаа өргөдөл гомдлынхоо товч агуулгыг дурдах хэрэгтэй. Энэ шаардлагыг хангаагүй бол хүлээж авах боломжгүй.
Шаардлага нь хангагдсан гомдлыг хүлээж аваад авто тээврийн хяналтын улсын байцаагч шалгаж, тухайн жолоочийн буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцдог.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэлт хийхгүй удаад байна. Нийт тээврийн хэрэгслийн 50 орчим хувь нь насжилт дөхсөн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэндээ зай завсар орсон. Шороотой замаар явахад, шороо бужигнадаг. Үүнээс шалтгаалаад автобуснууд их бохир харагддаг байх.
Дулааны хувьд, автобусанд гурван халаалтын паар байгаа шүү дээ. Эдгээрийг ажиллаж байгаа эсэхийг шугаманд гарахаас өмнө шалгадаг. Дутуу байвал үйлчилгээнд гаргахгүй. Өвлийн -20 хэмийн хүйтэнд автобусны хоёр том хаалга зэрэг нээгдэнэ. Энэ хооронд автобус бүрэн дулаанаа авч чадахгүй байх тохиолдол байна. Тээврийн хэрэгслийн цэвэрлэгээний тухайд өглөө цэвэрлээд гаргадаг. Нэг тойроход л авах юмгүй болчхож байгаа юм” гэлээ.
Харин бид иргэдээс, автобусанд суухад ямар асуудлууд тулгардаг, гомдол саналаа Тээврийн үйлчилгээний газарт мэдээлж байсан эсэх талаар асуулаа.
Иргэд:
- Автобус их заваан шүү дээ. Хог ихтэй. Урагш хойш түлхдэг. Их хүнд сурталтай удаан явдаг. Маш их хүлээдэг. Миний хувьд нийтийн тээврийн үйлчилгээний газарт гомдол саналаа дээр үед л хэлж байсан. Одоо хэллээ гээд биелүүлэх биш. Хэлдэггүй.
- Хааяа автобус их удаж байж ирдэг. Мөн маш хүйтэн байдаг шүү дээ. Хүүхдэдээ вакцин хийлгэх үедээ хааяа суудаг юм. Энэ үед хүүхэд даараад их тав тухгүй байдаг. Гомдол санал гаргаж үзээгүй юм байна.
- Хол зайтай явдаг. Маш удаан. Өвлийн хүйтэнд хүүхэд сургуульд зөөхөд маш хүйтэн. Хүүхэд даараад ханиад авчихдаг нь хэцүү. Гомдол энэ тэр гаргаж үзээгүй.
Үүнээс харвал автобусанд тулгарч буй асуудал, тав тухгүй нөхцлийн талаар иргэд холбогдох байгууллагад мэдээлдэггүй. Мэдээлсэн ч нэмэргүй гэж боддог нь илт. Гэвч мэдээлж үзсэний эцэст үр дүн гарах эсэхийг харна. Гарахгүй байлаа ч гардаг болтол нь гомдол саналаа хэлж байх нь зүй. Нэг үгээр бид “заргач” байх хэрэгтэй болоод байна.