АНУ-ын гимнастикийн тамирчдын эмч асан Ларри Нассарын бэлгийн хүчирхийлэлд өртсөн тамирчдаас тус улсын Гимнастикийн холбоотой 380 сая ам.долларын нөхөр төлбөр авахаар болжээ. Энэ талаар АНУ-ын Олимп, Паралимпийн Хороо (USOPC) болон хохирогчдын өмгөөлөгч мэдэгдлээ.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хамгийн олон хохирогчтой уг хэргийн шүүх хурал 5 жил үргэлжилсний эцэст ийнхүү дуусч байна. Хүчирхийлэл үйлдсэн 58 настай эмч асан Ларри Нассарын эсрэг мэдүүлгийн дагуу 500 гаруй хохирогч нөхөн төлбөр авахыг хүссэн юм.
Ларри Нассар 2018 онд АНУ-ын Гимнастик, Мичиган мужийн их сургуульд (MSU) спортын анагаах ухааны эмчээр ажиллаж байхдаа тамирчдад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээ хүлээсний дараа түүнд шүүхээс 175 жил хорих ял оноожээ.
Шүүхээс тогтоосон нөхөн төлбөр Нассарын бэлгийн хүчирхийллийн хохирогчдын тоонд багтаж байсан олимпын алтан медальт тамирчин Симоне Билс, Али Райсман, МакКэйла Марони нарын гаргасан нэхэмжлэлд ч мөн хамаарах аж. Эдгээр гурван тамирчид энэ жил АНУ-ын Сенатын сонсголын үеэр хүчирхийлэлд өртсөн тухай мэдүүлэг өгсөн нь олон нийтийг цочролд оруулсан юм. Шүүх хурал дээр тэд АНУ-ын Гимнастик болон Олимпын албаны хүмүүс Нассарыг зогсоож чадаагүй хэмээн буруутгаж, Холбооны мөрдөх товчоог түүний гэмт хэрэгт буруутай мөрдөн байцаалт явуулахад ихээхэн түлхэц болсон мэдүүлэг өгцгөөсөн юм.
Олимпын гимнастикийн тамирчдын үндсэн эмчээр 18 жил ажилласан Ларри Нассар 2017 онд бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх материал хадгалсан хэргээр холбооны шүүхээс 60 жилийн хорих ял авсан бол дараа жил нь тэрээр өөрийн асрамжинд байсан эмэгтэй гимнастикчдыг хүчирхийлсэн хэргээр Мичиганы хоёр тусдаа шүүхээс тус бүр 175, 125 жилийн хорих ял сонссон засаршгүй хүчирхийлэгч юм.