Замын-Үүд-Эрээний авто замын хилийн боомтыг дахин хаасан гэх мэдээлэл иргэдийн дунд гарсан. Энэ асуудлын талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Наймны өдөр би өөрөө Замын-Үүдийн боомт дээр Эрээний талдаа хилээ нээе гэдэг асуудлыг тавихаар Замын-Үүд боомт дээр ажилласан.
Арванхоёрдугаар сарын 10, 11-ний өдөр тээврийн хэрэгслүүд үе шаттайгаар дундын цэг дээр ирж байршсан. Манай тал тухайн цэг дээр байршсан 50 гаруй автомашиныг хил нэвтрүүлсэн. Энэ нь хил нээгдсэн гэдгийг нотолгоо юм. Эрээний талд цөөн хүндрэл гарсан. Эрээн талд очиж гацсан 192 машинаас асаж байгаагаас нь хилээр гаргаж байгаа үйл явц. Зарим машин зуны түлштэй байсан. Мөн ачаатай тэрэгнүүдэд зарим хүндрэл гарсан. Эрээний гаалийн бүрдүүлэлт, бодит ачааны хэмжээ, жин зөрөх асуудал их байна. Бүрдүүлэлт зөрж байгаа учраас эхний ээлжид гарах боломжгүй болж байгаа юм.
Энэ хугацаанд Эрээний талаас үнэлгээ хийж байгаа. Тэг цэг дээр Монгол жолооч нар орсон учраас халдвартай бүс гэж үзэж байгаа. Халдварын тархалтыг яаж бууруулах талаар үнэлгээ хийгдэж, дүгнэлт гарч байна. Энэ өдрүүдэд Эрээн талын ажлууд хийгдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Хүмүүсийн ойлгож байгаагаар ахиад тодорхойгүй хугацаагаар хил хаачхаж байгаа тохиолдол бишээ. Үе шаттайгаар бараа бүтээгдэхүүн эргэлтэд орох процесс явж байгаа юм. Тяньжинд Омикроны нэг тохиолдол илэрсэн. Тухайн тохиолдол нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд тусгаарлалтад байгаа гэсэн мэдээлэл байна" гэж хэллээ.