Нэр хүндтэй "Time" сэтгүүл "Тесла" болон "SpaceX"-ийн гүйцэтгэх захирал Элон Маскыг 2021 “Оны хүн”-ээ тодрууллаа. Дэлхийн хамгийн баян хүн гэдгээр нь бус жилийн турш гайхалтай амжилтуудыг гаргаж, Твиттер хуудсаараа цаг уурын асуудлыг хөндөж олон нийтийн анхааралд оруулж чадсан гэдгээр нь түүнийг Оны хүн болгож буйгаа Time сэтгүүлийн редактор онцолсон байна.
Энэ оны дөрөвдүгээр сард НАСА-аас Элон Маскийн пуужингийн компани SpaceX-д 1972 оноос хойш анх удаа АНУ-ын сансрын нисэгчдийг саран дээр байрлуулах онцгой гэрээг олгосон нь түүнийг зорилгодоо хүрэхэд нь алхам урагшлуулсан явдал болсон. Харин тавдугаар сард Элон Маск "Saturday Night Live" нэвтрүүлгийг хөтөлж, өөрийгөө шоолох, мөн аутизмын хөнгөн хэлбэр болох Аспергерийн синдромтой гэдгээ олон нийтэд сурталчлах зорилгоор телевизийн шоунд оролцсон нь ч дэлхий нийтийн анхаарлыг татах зорилгыг нь бүрэн биелүүлж чадсан билээ.
Тэгвэл аравдугаар сард автомашин түрээслэгч "Hertz" компани хэрэглэгчдэдээ зориулж 100 мянган Тесла автомашин худалдаж авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэний дараа Теслагийн хувьцааны өсөлтийг дагуулж, цахилгаан автомашины компанийн үнэлгээ 1 их наяд долларыг давав.
"Experian Automotive"-ийн мэдээлснээр энэ оны эхний хагаст АНУ-д цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд нийт автомашины ердөө 0.43 хувийг, харин Тесла энэ зах зээлийн бараг гуравны хоёрыг эзэлдэг. Тэрээр твиттер хуудсаараа дамжуулан 65 сая дагагчдаараа дамжуулан санал асуулга явуулахдаа Теслагийн хувьцаагаа зарах эсэх талаар асуусны дараа Теслагийн хувьцааны ханш огцом унасан гэдгийг АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос мэдээлж байлаа.
Тэрээр мөн Твиттерийг криптовалютыг үндсэн урсгал руу шилжүүлэхэд туслах платформ болгон ашигласан.
Элон Маск зөвхөн эдийн засаг, цахим ертөнц, цахилгаан автомашины ертөнцийг байлдан дагуулаад зогсохгүй нийгмийн хүрээнд ч нөлөө бүхий эрхэм болж чадсан. "Хэрэв өнгөрсөн онд зарагдсан 800 000 Тесла автомашин хийгээр ажилладаг машин байсан бол амьдралынхаа туршид 40 сая тонн гаруй CO₂ ялгаруулсан нь Финлянд улсын бүтэн жил ялгаруулдаг CO₂ -той тэнцэх байлаа” гэж Time сэтгүүлийн Оны хүн нийтлэлд Элон Маскийг танилцуулжээ.
Гэхдээ хүлэмжийн хий, хорт утааг хязгаарлах нь түүний хүн төрөлхтний төлөөх том алсын харааны зөвхөн нэг хэсэг бөгөөд Элон Маск хүн төрөлхтөн Ангараг гарагийг эзэгнэхийг мөрөөдөж, хичээж яваа гэдгийг өдгөө бүгд мэддэг болсон.
"Ерөнхийдөө миний зорилго бол амьдралыг олон гарагт өрнүүлж, хүн төрөлхтнийг сансарт нисдэг соёл иргэншил болгох боломжийг олгох явдал" гэж Элон Маск Time-д өгсөн ярилцлагадаа дурджээ.