Спортын салбарын оны шилдэг тамирчдыг шалгаруулдаг "Бөртэ-Чоно" ёслолын ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө.
МУГТ, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг "Токио-2020" олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаараа 2021 оны шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч шилжин явах цомын эзэн болов. Мөн тэрбээр "Шилдэг эмэгтэй тамирчин"-аар шалгарч "Бөртэ-Чоно" шагнал хүртлээ.
Энэ удаагийн шалгаруулалтаар эмэгтэй хоёр, эрэгтэй хоёр шилдэг тамирчныг тус бүр шалгарууллаа. Тодруулбал:
2021 оны "Шилдэг эмэгтэй тамирчин"-аар Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг шалгарлаа. Тэрбээр өдгөө ДАШТ-нд оролцож байгаа тул түүний шагналыг Монголын хүндийг өргөлтийн холбооны төлөөлөл хүрэлцэн ирж авав. Мөн Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпын медальт Б.Болортуяа шилдгээр шалгарлаа.
Токио-2020 олимпын наадмын мөнгөн медальт, Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллай 2021 оны "Шилдэг эрэгтэй тамирчин"-аар шалгарлаа. Тэрбээр өөр улсад байгаа тул цахимаар сэтгэгдлээ хуваалцаж "Монголчууддаа хайртай шүү" хэмээв.
Мөн "Шилдэг эрэгтэй тамирчин" шагналыг "Токио-2020" олимпын наадамд тавдугаар байранд шалгарсан, Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн 125 кг жингийн тамирчин М.Лхагвагэрэл хүртлээ.