Төрийн үйлчилгээний салбарынхныг 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс хувийн хэвшилд гэрээт ажилтан байдлаар үе шаттай шилжүүлж, тэнд ажиллаж байгаа ажилчдын төрийн сан дахь цалингийн зардал, орон тоог багасгах асуудлыг төсөвт суулгаж, баталсан. Төрийн үйлчилгээний салбар нь 50 гаруй мянган ажилчинтай. Үүнд цэвэрлэгээ үйлчилгээ, жолооч, хоол үйлдвэрлэл, сантехникч, засварчин, харуул хамгаалалтынхан багтаж буй. Тэгвэл төрийн үйлчилгээний салбарынхан 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс ажилгүй болох нөхцөл үүсч, төрд олон ажилласан нэг удаагийн тэтгэмжээ авч чадахгүй байдалд ороод байгаа аж.
Бид энэ асуудлыг нийслэлийн 61 дүгээр цэцэрлэгийн ажилчдаас сурвалжиллаа.
Нийслэлийн 61 дүгээр цэцэрлэгийн тогооч Д.Баяртуяа:
Миний хувьд энэ цэцэрлэгтээ 17 жил ажиллаж байна. Дөрвөн хүүхэдтэй эмэгтэй. Тэтгэвэрт гарах тун дөхсөн юм. Нэг хоёр жилийн хугацаа үлдээд байгаа. Яг энэ үед төрийн үйлчилгээний ажилчид хувьд шилжих асуудал яригдахаар хэцүү асуудлууд тулгарч буй. Жишээ нь би тэтгэвэрт 50-тай гарах гэж байна. Тэгэхээр хувьд шилжчихвэл төрийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж байхгүй болж байгаа юм. Би яах вэ. Гараад явчихдаг юм байж. Үлдэж байгаа залуу хүүхдүүдэд бүр хэцүү болно. Ямар ч ажлын байрны баталгаа байхгүй. Бид яагаад энд бага цалинтай ч гэсэн ажиллаж байсан гэхээр нэг удаагийн тэтгэмжээ аваад үр хүүхдэдээ юм үлдээчих юм сан гэсэндээ ажилласан шүү дээ. Гэтэл энэ асуудлаас болоод бүх зүйл талаар боллоо. Бид тогооч нар. Цалин муу байна гээд ажил хаяж байгаагүй. Саяын асуудал дээр үнэхээр л ажил хаямаар санагдсан. Яагаад гэхээр цалин бага. Дээрээс нь ганц авдаг тэтгэмжийг хасаад хаячхаар ямар ч хүнд хэцүү шүү дээ. Ядарсан, цалингаа яая даа гээд хүргэж байгаа хүмүүс. Бас болоогүй цалингийн зээлтэй. Ний нуугүй хэлэхэд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л явж байна. Манай байгууллагад зээлгүй хүн нэг ч байхгүй. Тийм байхад дээрээс нь дахиад дарамт ирж байгаа юм. Над шиг тэтгэвэртээ суух гэж байгаа хүмүүс бүр хэцүү байгаа шүү дээ. Тиймээс үүнийг нүдээ олоогүй буруу шийдвэр гэж үзэж байна.
Нийслэлийн 61 дүгээр цэцэрлэгийн эмч Ц.Болормаа:
Би боловсролын салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа. Би төдийгүй, манай ажилчид ч гэсэн энэ асуудал дээр их бухимдалтай байгаа. Одоохондоо ТҮ1-3 ажилчдыг гэрээт болгоно гээд байгаа. Яваандаа сургууль цэцэрлэгийн эмч нар энэ шийдвэрт хамрагдаж магадгүй гэсэн. Хэрэв тийм зүйл болбол Эрүүл мэндийн төвд харьяалагдана гэж ярьж байгаа юм. Хийж сурсан ажлаас өөр ажилд хуваарилагдах хүндрэлтэй талууд гарна. Би 10 гаруй жил ажиллахдаа, энэ ажлаа гартаа оруулсан байгаа шүү дээ. Оронд нь гэрээгээр өөр хүн ирлээ гэхэд тэгж ажиллаж чадах уу, үгүй юу. Байгууллагын үйл ажиллагаа доголдож л таарна. Хувь хүний хариуцлага гэх зүйл байхгүй болно гэж бодож байна. Ажилчдыг, гэрээт ажилчин болгоно гээд байгааг урт хугацааны судалгааны үндсэн дээр шийдэх ёстой байсан. Үр дүнг нь танилцуулаад бидэнд тайлбарлавал ойлгоно шүү дээ. Гэнэт он гарангуут ажилчдыг гэрээт болгоно гээд л. Хүмүүсийн сэтгэл зүй ч ийм зүйлд дасаагүй болохоор хэцүү. Бүгд л хүндээр хүлээж авч байгаа. Манай цэцэрлэгийн дийлэнх ажилчид 40-өөс дээш настай. Энэ хүмүүс ажлын байраа алдвал дахиад ажилд орох ярвигтай болно шүү дээ.
Нийслэлийн 61 дүгээр цэцэрлэгийн угаагч Г.Цацрал:
Энэ байгууллагад ороод зургаа дахь жилдээ ажиллаж байгаа. Яагаад ажиллаж байгаа гэхээр нийгмийн асуудал, хүний эрх зөрчигдөхгүй гэдэг үүднээс сонгосон. Найдвартай гэсэн үүднээс шүү дээ. Гэтэл ажлын байрны баталгаа гэх зүйл алга болчихлоо. Төрийн үйлчилгээний ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Ийм байхад яагаад төсвөө хэмнэнэ гээд гэрээт болгох гээд байгааг ойлгохгүй байна. Гэрээт ажилчин болчхоор өөр тийш хуваарилах гээд хэцүү л байна. Эсвэл ямар нэг цомхтгол болох байх гээд айдастай байгаа гэсэн юм.
Ямартай ч төрийн удирдлагууд улсын төсвийг танах зорилгын хүрээнд хэрэгжүүлэх гэж буй энэхүү шийдвэр 50 мянган иргэний ажлын байрыг дэгсдүүлж байна.