Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах, иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах ажил үе шаттай үргэлжилж байна.
Тус зорилтын дагуу энэ жил дүүргийн хэмжээнд нийт 85.545 мод, бут, сөөг тарьж, дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламж 2.8 дахин өссөн байна. Тухайлбал Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Хан-Уул Эко дүүргээс эхэлж, нийслэлийн төр захиргааны төрийн албан хаагчид 3144 мод тарьсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн төрийн албан хаагчид 2756 мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх ажилд идэвхтэй оролцлоо.
Мөн Эко дүүргийнхээ өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор 100 өрхтэй хамтарч 1000 ширхэг жимс, жимсгэний мод тарьж, арчлан ургуулах тал дээр заавар, зөвлөмж өгч ажиллаж байна. Өрх бүр хашаандаа мод тарьснаар агаар цэвэрших, орчны бохирдол, дуу чимээ буурч, иргэд эрүүл, ая тухтай орчинд амьдрах нахцөл бүрдэх юм. ЭКО дүүргийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг орчин тойрондоо мод тарьж, эрүүл эко дүүрэгт ая тухтай амьдрахад хувь нэмрээ оруулан хамтран ажиллахыг уриалж байна.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар