Дэлхийн шилдэг технологийг эх орондоо амжилттай нутагшуулж, Монгол Улсын металлургийн хөгжилд түлхэц үзүүлж яваа Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехийн хамт олон үйлдвэрлэлийн технологийнхоо дамжлагуудыг сайжруулж, бүтээгдэхүүнийхээ чанарт ахиц гаргасаар байна. Тус цехийнхэн саяхан ган бөөрөнцөг тээвэрлэх шурган дамжуурга, хөргөлтийн сэнс суурилуулах ажлыг санаачлан, үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ган бөөрөнцгийн гадна, дотор хатуулгийн зөрүү ойртож ”шаар”-ын чанарын үзүүлэлт эрс сайжирчээ. Мөн хатаалтад орж буй ган бөөрөнцгийн температурыг удирдах боломж бүрдэж, технологийн горимыг тогтооход чухал нөлөө үзүүлж байна. Ийнхүү, бүтээгдэхүүний чанар эрс сайжирснаар ган бөөрөнцгийн хувийн зарцуулалт багасаж, жилдээ 1.5 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гарах юм.
Тус цехийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийнхээ ган бөөрөнцгийн хэрэглээг 100 хувь хангах эрхэм зорилготой. Ойрын хугацаанд 120, 125-ын голчтой, хамгийн сайн чанарын давтсан ган бөөрөнцөг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.