Эрдэнэт үйлдвэрийн хамт олон өнгөрсөн 7 дугаар сар болон оны эхний долоон сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэлээ. Уурхайчид өнгөрсөн сард 2312 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 100.5 хувиар, 1162.7 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 100.2 хувиар тус тус биелүүлэв. Энэ хугацаанд 2928 мянган тонн хүдэр, 321 мянган тонн исэлдсэн хүдэр олборлож, төлөвлөгөөг 100.8-128.4 хувьд хүргэсэн байна. Эдгээр үзүүлэлтийг оны эхний долоон сарын байдлаар авч үзвэл, уулын цул гаргалт 100.8 хувь, хөрс хуулалт 101 хувь, хүдэр болон исэлдсэн хүдэр олборлолт 100.7-106.2 хувиар тус тус давж биеллээ. Өнгөрсөн сард Ил уурхайнхан 39400 тууш метр өрөмдлөг хийсэн бол оны эхний долоон сард 311050 тууш метр өрөмдөж, төлөвлөгөөг 102.3 хувиар биелүүлжээ.
Баяжуулагчид дээрх хугацаанд хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлж ажиллалаа. Тухайлбал, өнгөрсөн сард 2675 мянган тонныг, оны эхний долоон сард нийт 18851 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөт үзүүлэлт 100.6-100.8 хувийн дүнтэй байна. Хүдэр дэх зэсийн металл авалт өнгөрсөн сард 100 хувиар, молибдены металл авалт 119.9 хувиар биелсэн бол оны эхнээс зэсийн металл авалт 100.1 хувь, молибдены металл авалт 111.8 хувийн биелэлттэй байна.
Эрдэнэт үйлдвэрийнхэн өнгөрсөн 7 дугаар сард 47637 тонн зэсийн баяжмал, 633 тонн молибдены баяжмал гаргаж, төлөвлөгөөг 101-156.1 хувиар биелүүллээ. Оны эхний долоон сарын байдлаар, 332236 тонн зэсийн баяжмал, 3698 тонн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэн, экспортод ачуулснаар төлөвлөгөө 101.2-132.4 хувиар биелсэн байна. Экспортод гаргасан зэс, молибдены баяжмалын чанарын үзүүлэлт өнгөрсөн сар болон оны эхний долоон сард 101-105 хувиар биелсэн дүнтэй байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.