Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд АНУ-д албан томилолтоор 10 хоног ажиллаад ирлээ. Тэд дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг уул уурхайн үзэсгэлэнд оролцжээ. Вашингтон хотод байрлалтай, дэлхийн 250 гаруй үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн АНУ-ын уул уурхайн ассоциациас зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнд Ковидын нөхцөл байдлаас хамааран цөөхөн үйлдвэрлэгч оролцсон гэх боловч нийт 30 гаруй орны 1100 гаруй үйлдвэрлэгч шинэ технологи, тоног төхөөрөмжөө дэлгэн танилцуулсан байна. Инженерүүд олон үйлдвэрлэгчтэй холбоо тогтоож, хамтран ажиллах талаар санал, мэдээлэл солилцсон нь томилолтын үр дүн байв. Мөн дэлхийд тэргүүлэгч уул уурхайн компаниудад очиж, мөчлөгт урсгалт тээврийн технологиос эхлээд эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хүртэл үзжээ. Ил уурхайн ашиглалт, баяжуулах үйлдвэрийн технологийн процесс, тоног төхөөрөмжийн шийдэл, хаягдал өтгөрүүлэх, хатууруулах, хаягдлаа хураах үйл ажиллагаа, зэсийн баяжмал хайлуулах, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах цогц үйлдвэрийг үзэж судаллаа. Түүнээс гадна ERP үйлдвэрлэлийн цогц системийг нэвтрүүлэхэд ямар бэлтгэл хангах ёстой, үр дүнгээ хэрхэн өгдөг талаар мэдээлэл цуглууллаа, гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ярилаа.