Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар тусгаж, Засгийн газрын 129 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон. Ингэснээр паркийн бүрэлдэхүүнд хамаарах “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр” байгуулах судалгаа амжилттай хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд дайвар бүтээгдэхүүн болох хүхрийн хүчил саармагжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааны ажлыг Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн гүйцэтгэж байгаа юм. Эхний ээлжинд Дорноговь, Завхан, Хөвсгөлийн фосфоритын хүдрийн дээжид баяжигдах чанарын судалгааг лаборатори болон хагас үйлдвэрлэлийн түвшинд гүйцэтгэжээ. Мөн фосфорын бордоо үйлдвэрлэх туршилт судалгаанд шаардлагатай фосфатын баяжмалыг гарган авлаа. Одоогийн байдлаар Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтарсан фосфорын бордоо гаргах туршилт, судалгаа хийгдэж байна.