УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн асуудлаар бүлгийн хуралдаанд мэдээлэл өгчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Рио тинто болон Туркойз хилл компанийн гүйцэтгэх удирдлагаас Ерөнхий сайд нэр дээр хандан таван санал бүхий албан бичиг илгээсэн.
Нэгдүгээрт, Оюу толгойн төслийн 34 хувьд ноогдох 2.4 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй. Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай.
Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр цуцалж дуусгавар болгож байна.
Гуравдугаарт, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зарцуулагдсан дүнд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах хэрэв зөрүү үүсвэл хариуцаж төлөхөд бэлэн буйгаа илэрхийлсэн.
Дөрөвдүгээрт, Гүний уурхайг 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож буй. Энэ хүртэлх хөрөнгийг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.
Тавдугаарт, байгаль орчин, эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэлээ. Гүний уурхайг ашиглалтад оруулах асуудал ажлын хэсгийн түвшинд шийдэгдвэл 2022 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн байна гэсэн захидлыг илгээсэн.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Олон жил бид Оюутолгойн асуудлаар маргалдсан. Үр дүн гардаг юм байна гэдэг нь харагдлаа. Хамгийн гол нь УИХ, Түр хороо, Засгийн газар нэг талд гардаг байсанд ач холбогдол оршиж байна. Өмнө нь Засгийн газар нөгөө талдаа гарчихдаг бидний өмнөөс чулуу шидээд байсан. Засгийн газарт тууштай байсанд талархал илэрхийлье.
Улс төр бизнесийн биүлэглүүд холбогдчихсон, манай намын зарим нөхөд холбогдсон, төвөгтэй аасуудал байсан. Улс төрийн зориг шаардсан ажил байлаа. Манай улс баялгаа үнэтэй авч байсан 34 хувиа тэглүүлж чадлаа.
Хоёрдугаарт, Дубайн гэрээг цуцаллаа. Цуцлахдаа дагаж ирсэн зээлийг чинь авах шаардлага байсан уу, авсан уу гэдгийг хөндлөнгийн аудит оруулж шалгая.
Гуравдугаарт, Далд уурхай ашиглалтад ортол нэмэлт санхүүжилтийг асуудлыг хөрөнгө оруулагч өөрөө шийдье гэсэн.