Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид, Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон хамтран “Дархлаажуулалтын 4-р тун” аяны хүрээнд “Хайрын бэлэг” бахархал, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Хүн бүрийн сэтгэлд хүрсэн энэхүү үйл ажиллагааны гол эзэд нь Аж, ахуй үйлчилгээний цехээс 2021 онд гавьяаны амралтадаа гарч буй үйлчилгээний ажилтан Дашзэвэгийн Гантогос, Хашсүрэнгийн Оюунбилэг, Намсрайн Саранчимэг, Гомбожавын Уранцэцэг, Лувсанжамцын Уранчимэг нар байсан юм. Тэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цэвэр цэмцгэр байдал, тохижилт, үйлчилгээнд 30 жилийн хөдөлмөрөө бүтэн зориулсан ахмад ажилтнууд бөгөөд хамт олон нь тэдэнд гэнэтийн бэлгээр дүүрэн нэгэн үдшийг бэлэглэн баярлуулав.
Улаан хивсний ёслол, сонгодог аяз, цэцгээр чимэглэсэн шат, халуун вино, урлагийн тоглолт, хайртай гэр бүлийнх нь сэтгэлийн үгс, ач зээ нарынх нь тэврэлт үнсэлт бас бэлэг, 30 жил жаргал, зовлонгоо хуваалцсан амь сэтгэл нэгтэй хамт олон нь бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрээлэн байх сэтгэл догдлом торгон агшин, энэ бүхэн зөвхөн энэ таван эмэгтэйд зориулагдсан нь гайхамшигтай. Аж ахуй, үйлчилгээний цехээс санаачилсан ёслол хүндэтгэлийн энэхүү өвөрмөц үйл ажиллагааг онцгой шийдлээр өндөр хэмжээнд зохион байгуулсан Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчдэдээ талархаж буйгаа ахмад ажилчид илэрхийлсэн юм.