Шинэ Зеландад коронавирусын эсрэг вакцинтай холбоотой хачирхалтай тохиолдол бүртгэгджээ.
Тус улсын Окланд мужид коронавирусийн эсрэг вакцины 10 тун хийлгэсэн эрийг сайн дурын ажилтан олж ирүүлжээ. Өөр өөр хүний бичиг баримтыг ашиглан ийнхүү олон тун тариулсан эр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, бичиг баримтыг нь ашигласан хүмүүсийнхээ болон өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа юм. Цагдаагийн газраас энэхүү хэргийг нарийвчлан шалгаж эхэлжээ.
Уг хэрэгтэй холбогдуулан коронавирусын вакцины санал болгосон хэмжээнээс илүү тун хийлгэсэн хүмүүсийг эмнэлзүйн зөвлөгөө авахыг Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.
Окландын их сургуулийн вакцин судлаач Хелен Петуис-Харрис “Аливаа вакцины тунг хэтрүүлэн тариулах талаар, үүнээс үүдсэн эрүүл мэндэд үүссэн эрсдэлийн талаар тодорхой мэдээлэл байхгүй. Гэхдээ ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.
Энэ тохиолдол анх удаа гарч буй биш гээд өмнө нь бусдын өмнөөс төлбөртэйгөөр тунг нь тариулсан хэрэг гарч байжээ. Вакцинд итгэдэггүй хүмүүс өөрсдийн итгэл, үзэл бодлоос үүдэн заавал хийлгэх ёстой товлолт вакциныг төлбөр төлж бусдад тариулах явдал цөөнгүй гардаг аж.
Шинэ Зеланд улс Зул сарын баяраас өмнө 12 ба түүнээс дээш насны хүн амд зориулсан давхар вакцинжуулалтын зорилтоо 90 хувьд хүргэж биелүүлэх төлөвтэй байна. Гэхдээ вакцин хийлгэхээс татгалзаж буй хүмүүс цөөнгүй байгаа юм.