
Японы эрдэмтдийн баг нас ахих тусам хуримтлагдаж, ойр орчмын эд эсийг гэмтээж, хөгшрөлтөөс шалтгаалсан өвчнүүдийг үүсгэдэг зомби гэгдэх эсийг устгах вакцин бүтээснээ мэдэгдэв.
Жунтендо их сургуулийн профессор Тору Минаминогаар ахлуулсан багийн хийсэн туршилтын дүнд вакцин хийлгэсэн хулганад зомби эсүүд, хөгшрөлтийн эсүүд болон артерийн судасны хатууралд өртсөн хэсгүүд буурсан болохыг баталжээ.
"Вакциныг артерийн судасны хатуурал, чихрийн шижин болон хөгшрөлттэй холбоотой бусад өвчнийг эмчлэхэд хэрэглэнэ гэж бид найдаж байна" гэж доктор Минамино тодотгосон байна.
Зомби эс устгах вакцин бүтээсэн багийн судалгааны үр дүнг баасан гарагт "Nature Aging" сэтгүүлийн онлайн хувилбарт нийтэлсэн байна.
Хүний биеийн хөгшрөлтийн эсүүд нь хуваагдахаа больсон боловч үхдэггүй аж. Тэд үрэвслийг үүсгэдэг химийн бодисыг ялгаруулж ойролцоох эрүүл эсийг гэмтээдэг учир хөгшрөлтөөс үүдэлтэй өвчлөл үүсдэг.
Багийнхан хүн, хулганын биеэс хөгшрөлтийн эсүүдээс олддог уураг илрүүлж, уураг бүрдүүлдэг амин хүчил дээр суурилсан пептидийн вакциныг бүтээсэн нь энэ юм. Вакцин нь бие махбодид хөгшрөлтийн эсүүдэд наалддаг эсрэгбиет үүсгэх боломжийг олгодог бөгөөд эсрэг биетүүдэд наалддаг цусны цагаан эсүүд үүнийг нь арилгадаг. Багийнхан артерийн судас хатуурсан хулгануудад вакцин хийх үед хуримтлагдсан хөгшрөлтийн олон эсийг устгаж, өвчинд нэрвэгдсэн хэсгүүд багассан байна..
Хөгшрөлтийн эсийг арилгахын тулд одоо байгаа олон эмийг хорт хавдрын эсрэг бодис болгон ашигладаг бөгөөд сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй гэдгийг эрдэмтэд анхааруулдаг. Шинэ вакцины гаж нөлөө бага, үр нөлөө нь удаан үргэлжилсэн гэж багийнхан онцолжээ.