Тээврийн прокурорын газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жолоочийн ур чадвар, замын хөдөлгөөнд оролцох сахилга хариуцлага, соёлыг дээшлүүлэх, жолооч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох ажлын хүрээнд “Жолооч бэлтгэхэд анхаарах асуудал” сэдэвт уулзалт, ярилцлагыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалт ярилцлагад Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар болон Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо зэрэг 17 байгууллагын 40 орчим төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар жолооч бэлтгэх үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомж, сургалтын хөтөлбөр, стандартын хэрэгжилтийн талаар холбогдох байгуулагууд мэдээлэл хийж, жолоочийн үйлдлээс шалтгаалсан зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар санал солилцож, зөвлөмж гарган холбогдох байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ