Лондон дахь Sotheby's дуудлага худалдаагаар зарагдсан Энэтхэгээс хулгайлагдсан Йогини дарь эхийн баримлыг Энэтхэгийн дээд комисс эх орондоо буцаан авчрахаар боллоо.
Профессор, куратор Видя Дехежиагийн "Йогини шүтлэг ба сүм хийдүүд: тарнийн уламжлал" номонд өгүүлснээр эртний уг барималд Энэтхэгийн хөдөө тосгон, овгийн тосгоноос гаралтай ямааны толгойтой Энэтхэгийн бурхныг дүрсэлсэн байдаг аж.
Баримлыг энэ оны аравдугаар сард хулгайлсан, дээрэмдсэн, алга болсон урлагийн бүтээлүүдийг олж авах чиглэлээр мэргэшсэн Art Recovery International компанийн үүсгэн байгуулагч, хуульч Кристофер Маринелло олжээ.
Маринелло хэлэхдээ, Их Британид нэгэн гэрийнхээ эд зүйлсийг, тэр дундаа Йогинийн баримлыг зарж өгөхийг хүссэн эмэгтэйн гэрээс олжээ. Эмэгтэйн хувьд уг баримлыг хулгайлагдсан үнэт өв гэдгийг огт мэдээгүй бөгөөд мэдсэн даруйдаа хамтарч ажиллан Энэтхэгийн талд буцаан олгоход хамтран ажилласан гэжээ.
Маринелло Энэтхэгээс хулгайлагдсан соёлын объектуудыг сэргээх зорилготой ашгийн бус байгууллага болох "India Pride Project"-ийг үүсгэн байгуулагч Вижай Кумартай холбогджээ.
Кумар Маринеллогийн баримлыг хулгайлсан гэсэн мэдэгдлийг баталж, ямааны толгойтой хөшөө нь 1978-1982 оны хооронд Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Лохари тосгоноос сураггүй алга болсон Йогинчуудын томоохон цуглуулгын нэг хэсэг мөн болохыг баталсан байна.
Энэтхэгийн Лохари тосгоны ойролцоох Уттар Прадеш мужийн Банда дүүргийн тусгаарлагдсан толгодын орой дээр Йогинигийн хорин дүрс, их хэмжээний чулуун зураг байдаг бөгөөд эдгээр нь нэгэн цагт Йогини сүмийн ханыг бүрдүүлж байсан хэсгүүд аж.
Хулгайлан наймаачид соёлын өв болсон баримал, сүмийн тууринаас хагалж аван дамлан зардаг байна. Энэ хэрэгт олон улсын нэр хүндтэй дуудлага худалдааны газрууд ч холбогдсон байгааг Сотебигээр Йогини дарь эхийн баримал зарагдсан байдлаас харж болно.
Сотеби дуудлага худалдааны төлөөлөгч CNN-ийн сэтгүүлчид “Уг барималтай холбоотой асуудал 25 гаруй жилийн өмнөх явдал. Бид хулгайлагдсан, хууль бус эд зүйлсийн талаар мэдсэн даруйдаа холбогдох газруудтай нь хамтран ажиллаж буцаан өгдөг. Энэ бол бидний шударга ажиллах зарчмын нэг хэсэг” хэмээн тайлбарлажээ.
Йогини ямаан толгойт дарь эхийн баримлын хадгалалт маш муу байсан. Гэхдээ бид сэргээн засварлаж чадна гэж Вижай Кумар хэлжээ. Мөн тэрээр Маринеллод талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Маринеллогийн үүсгэн байгуулсан компани 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт 529 сая ам.доллартай тэнцэх хэмжээний соёлын үнэт өвийг эх оронд нь буцаажээ. Түүний хэлснээр ажлынх нь гол зорилго тухайн улсын ард иргэдийн хувьд шүтээн болсон эд зүйл, баримал буюу соёлын өвийг хулгайлагдан зарагдах явдлыг зогсоох, жинхэнэ эздэд нь буцааж өгөх явдал аж.