Шинэ Зеланд улс хойч үеийнхнийхээ эрүүл мэндийн төлөө тамхины эсрэг хуулийг батлахаар төлөвлөжээ. Уг хуулийн тамхи худалдан авах эрхтэй болдог 18 насыг аажмаар нэмэгдүүлнэ гэдгийг Эрүүл мэндийн яамны дэд сайд, доктор Айеша Веррал хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
"Бид залуучуудыг тамхи татахгүй байхыг хүсэж байгаа тул залуучуудад тамхи зарахыг гэмт хэрэгт тооцох болно. Хууль хэрэгжиж эхлэх үед 14 нас хүрсэн хүмүүс насан туршдаа тамхи худалдан авах боломжгүй болсон байна” гэж Айеша Веррал хэлсэн байна. Шинэ Зеландын Засгийн газар 2025 он гэхэд нийгэм дэх тамхины тархалтыг 5 хувиас доош бууруулах кампанит ажлын хүрээнд уг хуулийн төслийг 2022 онд парламентад өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Засгийн газрын мэдээлснээр Шинэ Зеландын насанд хүрсэн хүн амын 13.4 хувь нь тамхи татдаг гэсэн ангилалд багтдаг. 2011-2012 онд хийгдсэн судалгаагаар энэ тоо 18.2 хувь гэж гарч байсан аж.
Шинэ Зеландад бүр 4000-5000 хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг. Тамхи татах нь Шинэ Зеландад урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд дөрвөн хорт хавдар тутмын нэг нь тамхинаас үүдэлтэй байдаг гэнэ. Тамхинаас үүдэлтэй өвчлөл, хор хөнөөл нь ялангуяа Маори, Номхон далайн болон бага орлоготой хэсэгт түгээмэл.
Маори эмэгтэйчүүдийн 32 орчим, харин маори эрчүүдийн 25 хувь нь тамхи татдаг.
Тамхины эсрэг шинэ хуулийн зэрэгцээ засгийн газар тамхичдыг тамхинаас гарахад нь туслах "практик дэмжлэгийн арга хэмжээ"-нд тэргүүлэх ач холбогдол өгөх болно гэж Айеша Веррал онцлон дурджээ.
Практик дэмжлэгийн арга хэмжээ гэдэгт нь никотины агууламж маш багатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, борлуулахыг баталгаажуулах, тамхины сурталчилгаанд хатуу хязгаарлалт хийх зэрэг багтах төдийгүй тамхи худалдаалах дэлгүүрийн тоог эрс цөөрүүлэх аж.