Регистрийн дугаараас гадна бүртгэлийн дугаар хэрэглэх нь улсын бүртгэлийн байгууллагын гол ажлуудын нэг болохыг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хэллээ.
Тэрбээр "2022 оноос хойш иргэнийг регистрийн дугаар биш 12 орон бүхий бүртгэлийн дугаараар таньж баталгаажуулна. Үүнтэй холбоотойгоор 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдэд бүртгэлийн дугаар олгож байгаа.
Регистрийн дугаар хөгжлийн шатанд тодорхой хэмжээний шаардлага хангахгүй болж байна. Тодруулбал, иргэний улсын бүртгэлд хүйс өөрчлөгдсөний бүртгэл нэмэгдсэн. Энэ бүртгэлийг дагаад заавал регистрийн дугаар өөрчлөгдөх шаардлагатай болно. Учир нь регистрийн дугаарын сүүлийн орон эрэгтэй, эмэгтэйг илэрхийлдэг. Мөн шүүхээр насаа тогтоолгох гэх мэтээс шалтгаалан регистрийн дугаар өөрчлөгдөх нөхцөл үүсдэг.
Дээрх шалтгаануудын улмаас иргэнийг таних цор ганц бүртгэлийн дугаар шаардлагатай болж байна. Гэхдээ регистрийн дугаарыг мэдээллийн сангаас устгана гэсэн ойлголт байхгүй. Регистрийн дугаарын хэрэглээнээс бүртгэлийн дугаарын хэрэглээнд шилжинэ гэсэн үг. Цаашдаа бүртгэлийн дугаар хэрэглээд явна" хэмээн тайлбарлалаа.