Их Британид төвтэй албан бус шүүхээс Хятад улс Шинжаан дахь Уйгарчуудын эсрэг геноцид үйлдсэн болохыг тогтоосон байна. Пүрэв гарагт болсон шүүх хурлаар Хятад Уйгурчуудын төрөлтийг хянах арга хэмжээ авч байсан нь хоморголон устгахын нэг хэлбэр гэж үзжээ.
Шүүхийн сонсголыг даргалсан Их Британийн нэрт хуульч Жеффри Ницэ хэлэхдээ, "Уйгар болон бусад үндэстний цөөнхийн хүн амыг урт хугацаанд бууруулах" зорилгоор Хятад улс "санаатай, системтэй, нэгдсэн бодлого" явуулсан гээд Шинжаан дахь мусульман шашинтан цөөнхийн эсрэг хүчирхийлэл үйлдсэний үндсэн хариуцлагыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй өндөр албан тушаалтнууд үүрэх ёстой гэжээ.
Энэхүү дүгнэлт нь хууль эрх зүйн хүчингүй бөгөөд шийдвэрийг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй ч Хятадын эсрэг нотлох баримтуудыг нэмж, геноцидын асуудлаар бие даасан дүгнэлт гаргахыг зорьж байгаагаа мэдэгдэв.
Харин Хятадын Засгийн газар Шинжаанд хүний эрхийг зөрчсөн гэх бүх буруутгалыг үгүйсгэж буй. Хятадын төлөөлөгч албан бус шүүхийн шийдвэрт хариулах үеэрээ BBC-ийн хэвлэлийн төлөөлөгчид “Энэ шүүх бол хуурамч. Хятадын эсрэг цөөн хэдэн элементүүд олон нийтийг хууран мэхэлж, төөрөгдүүлэхийн тулд ашигладаг улс төрийн хэрэгсэл" гэж хэлжээ.
Шинжаанд "үй олноор хөнөөсөн" гэдгийг нотлох баримт байхгүй ч төрөлтөөс урьдчилан сэргийлэх оролдлого нь хоморголон устгах зорилготой гэж тэр хэлэв. Мөн Уйгарын ард түмний эсрэг буюу хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, эрүүдэн шүүх, бэлгийн хүчирхийллийн нотлох баримтуудыг олсон гэдгээ мэдэгдсэн юм.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тус бүс нутагт дор хаяж нэг сая Уйгар болон мусульман шашинтнуудыг саатуулж, шүүхээс гадуур лагерьт хорьж, шоронд хийжээ. Шинжаанд хоригдож байсан хүмүүс болон оршин суугчид эрүүдэн шүүх, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдүүлэг олон бий.
Өнгөрсөн зургаа болон есдүгээр сард Лондонд болсон хоёр шатны шүүх хуралдааны үеэр 70 гаруй гэрчийг сонссон бөгөөд тэдний дотор өмнө нь хоригдож байсан уйгар хүмүүс болон шинжээчид оролцжээ. Гэрчүүдийн дунд Уйгар хэл судлаач Абдувели Аюп байсан бөгөөд тэрээр терроризмыг өдөөн турхирсан хэргээр 15 сарын хорих ял оногдуулсан тухай мэдүүлэг өгсөн нь Хятадын төрийн зүгээс Уйгарчуудын эсрэг гаргадаг нийтлэг гомдлын нэг аж.