Засгийн газрын тогтоолоор Газрын эдийн засгийн үнэлгээний зургийг газрын үнэлгээний тойргоор таван жил тутам, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлээр гурван жил тутам хийнэ гэж заасан. Энэ дагуу нийслэлийн хэмжээнд газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоодог. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын тогтоолын төсөлд иргэдээс санал авч байна.
Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн З-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэсэн. Энэ хэсэгт “сум, дүүргийн” гэснийг “аймаг, нийслэлийн” гэж 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
Саналыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Хангарди ордны 2 дугаар давхар 205 тоотод биечлэн өгөх, эсвэл http://[email protected] хаягаар илгээж болно.
Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба