COVID-19-ийн “Omicron” хувилбар “Delta” вирусээс дөрөв дахин хурдан халдварлах чадвартайг Японы Эрүүл мэндийн яамны зөвлөх судлаач тогтоосон байна.
Тодруулбал, Киотогийн их сургуулийн профессор Хироши Нишиурагаар ахлуулсан судлаачдын баг лхагва гарагт Эрүүл мэндийн яамны зөвлөлд судалгааны дүнгээ танилцуулсан байна. “Omicron” хувилбар вакцин хийлгэсэн болон халдвар аваад дархлаа тогтсон хүмүүсийн хамгаалалтыг даван туулах чадвартай болохыг судлаачийн багийнхан онцолжээ. 9-р сарын сүүлээс 11-р сарын хооронд омикрон хувилбарыг анх илрүүлсэн Өмнөд Африкт батлагдсан 200 орчим тохиолдлын мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ийм дүгнэлт гаргасан байна.
Харин “Pfizer” компани вакцины нэмэлт тун “Omicron” хувилбараас хамгаалахад чухал үүрэгтэйг урьдчилсан туршилтаараа баталсан.
“Pfizer”-ийн судлаачид “Omicron” хувилбар бүрэн тун хийлгэсэн хүмүүсийн эсрэг биетийн хэмжээг 25 дахин бууруулж байгааг тогтоосон байна. Харин дархлаа сэргээх нэмэлт тун хийлгэсний дараа вакцины хамгаалалт дахин сэргэж байжээ.
Тиймээс бүрэн тун “Omicron” вирусээс хамгаалахад хангалтгүй гэдгийг онцолж байна. Ингэснээр нэмэлт тунгийн эрэлт нэмэгдээд зогсохгүй “Omicron” хувилбарын эсрэг тусгай вакцин гаргах шаардлага үүсэж магадгүй байна.
“Pfizer” компани “Omicron” хувилбарт зориулсан вакцин ирэх оны гуравдугаар сард бэлэн болно гэж мэдээлсэн юм.
Эх сурвалж: https://www.japantimes.co.jp/news/2021/12/09/national/omicron-spread-japanese-research/