Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжиг арваннэгдүгээр сарын 25-наас нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болсон билээ.
Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжгийг ийнхүү толилуулсан.
“Гэм зэм” романыг утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлж, М.Батболд найруулан тайзнаа амилуулж, гол дүрд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Д.Ганцэцэг, П.Эрдэнэзаан болон жүжигчин Д.Лхагва, Х.Баярмаа, Д.Түвшинбаяр нар тоглосон юм.
Урлагийг хошуучлан түүчээлэх, үргэлжлүүлэх уран бүтээлч хийгээд залгамж халаа дундрашгүйг харуулсан энэхүү жүжгийг үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 11, 12-нд дахин тоглохоор болжээ.
Үзэгчдийн нүдийг нээж, сэрэл мэдрэхүйг чимчигнүүлсэн "Гэм зэм" пост-драмын жүжгийг Оросын шинжлэх ухааны соёлын төв бидний хэлж заншсанаар ДСНК-ын тайзнаа дахин тоглох нь ээ.