Pfizer/BioNTech-ын коронавирусийн эсрэг вакциныг сайжруулснаар шинэ омикрон хувилбарын эсрэг үр дүнтэй хамгаалалт болно гэдгийг үйлдвэрлэгчдийн зүгээс мэдэгдлээ.
Багахан хүрээнд хийсэн судалгааны дүнд гурав дахь буюу өдөөгч тун омикрон хувилбарын эсрэг биет үүсгэн, хүчтэй нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарчээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас коронавирусийн эсрэг вакцинууд нь омикроны хүнд хэлбэрийн өвчний эсрэг үйлчилдэг гэж мэдэгдэж байсан билээ. Одоогоор шинэ хувилбар болох омикроны талаарх мэдээллийг нэгтгэх ажил ид өрнөж буй бөгөөд олон улсын эрдэмтэд хамтран ажилласаар байна.
Уг хувилбар нь одоогоор коронавирусын хамгийн хүчтэй мутацид орсон хувилбарт тооцогдож байгаа.
Өнгөрсөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Pfizer-ийн гүйцэтгэх захирал Альберт Бурла гурав дахь тунг хэрэглэснээр омикрон хувилбараас хамгаалах хамгаалалт сайжирна гэж итгэл төгс мэдэгдсэн. Тэрээр "Эхний хоёр тунд аль болох олон хүнийг бүрэн хамруулсан байх нь Ковид-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга хэмжээ хэвээр байна" гэдгийг ч онцолсон. Мөн өдөөгч тунгийн бодит үр дүнг, нөлөөг үнэлэх болно гэсэн юм. Тус компаниас омикрон хувилбарын эсрэг тусгай вакциныг боловсруулж байгаа гэдгээ “цухуйлгаж”, зөвшөөрөл нь хүлээгдэж, зөвшөөрөгдсөн тохиолдолд 100 хоногийн дотор хэрэглэгчдэд нийлүүлнэ гэжээ.
Pfizer/BioNTech-ийн судалгаа болон Өмнөд Африкт хийсэн сүүлийн үеийн судалгаанаас харахад коронавирусын эсрэг вакцин нь анхны омикроны эсрэг саармагжуулах эсрэг биеүүдийг илүү цөөн болгож магадгүйг тогтоожээ.
Харин Pfizer/BioNTech-ийн мэдээлснээр гурав дахь тун нь эдгээр эсрэг биетүүдийг 25 дахин нэмэгдүүлж, хамгаалалтын түвшинг бусад хувилбаруудын эсрэг хоёр тунтай харьцуулахуйц хэмжээнд болгож буйг дурдсан байна.