Өрөг.мн сайтын редакц Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд, Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, МАН-ын УЗ-ийн гишүүн, улс төрд 21 дэх жилдээ зүтгэж буй Сү.Батболдын хөрөнгийг хоёр арал, гурван улсын шүүхээс царцаасан баримтуудыг дэлгэж, НИЙТ дөрвөн цуврал нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэсэн. Сүүлийн дөрөв дэх нэвтрүүлгээ Солонгосын эрэн сурвалжлах Newstapa төвийн Сү.Батболд нарын талаар бэлдсэн нэвтрүүлгийг албан ёсны зөвшөөрөлтэй орчуулан, бэлтгэсэн сэтгүүлчээс нь ярилцлага авч цацсан юм. СОЛОНГОСЫН ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧИД СҮ.БАТБОЛДЫН ТУХАЙ ЮУ ӨГҮҮЛЭВ? нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.
Мөн монгол улсын прокуророос Сү.Батболдод хэрэг үүсгэж, дээрх хоёр арал, гурван улсын шүүх рүү Сү.Батболд нарт хамаарах хөрөнгө царцаах хүсэлт илгээснээр хүсэлтийг тус улсуудын шүүхүүд хүлээн авч, үндэслэлтэй хэмээн үзэж, царцаасан байдаг.
Гэтэл 100 жилийн түүхт МАН 12-р сарын 6,7,8 өдрүүдэд гурван өдөр дараалан хуралдаж, хурлаараа намынхаа дарга болсон Л.Оюун-Эрдэнэ “Авилгатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна” хэмээн бүлтрэв.
Эрх баригч намын дарга ажил хэрэгч зүйл ярьж, авилгатай тэмцэнэ гэж байхад “бүлтрэв” гэж буруушаах нь юуны учир хэмээн уншигч та гайхаж магадгүй.
Яг үнэндээ Сү.Батболд нарыг 2018 оноос хойш монгол улсын АТГ, прокурорын байгууллагууд гаднын мөрдлөгийн компанитай хамтран мөрдөж, мөрдлөгийн явцаа сүүлийн нэг жил гаруйн хугацаанд олон нийтэд мэдээлж, гадаад дахь хөрөнгүүдийг нь царцаах хэрэгтэй байна гээд, хувь хүний өмч хөрөнгийг дээдэлдэг гадаад улсуудын шүүхүүд хүртэл хөрөнгийг нь царцаах үндэслэлтэй байна гээд царцаагаад байхад Сү.Батболд намынхаа хуралд хойморт заларсан шиг, би бизнесээрээ л баяжсан, бизнес эрхлэгч хэмээн “томорч” суув.
Үнэндээ бизнес нэрийн дор төрийн мөнгийг угаан эргэлдүүлсэн гадаадад хөрөнгөө нуусан хүмүүстэйгээ тэмцэх бол энэ тэмцэл Сү.Батболд нараас эхлэх учиртай.
Мөн намын ерөнхий нарийн бичгийн даргаар дөрөв дэх удаагаа сонгогдоод буй Д.Амарбаясгалан, Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэв. Уран цэцэн авилгатай тэмцэх эдгээр үгнүүд биеллээ олж, Сү.Батболд нарын одоо мэдэгдэж байгаагаар гадаадад царцаасан 196 тэрбумыг монголд оруулж ирж чадвал монгол ядуудаа биш олон хулгайч нарынхаа хулгайг дийлэхгүйдээ ядуу байгааг бүгд мэдэрнэ, мэднэ. Сү.Батболд ч миний халаасанд нам, засаг, их хуралтайгаа, мөнгөтэйгээ, хуультайгаа байна гэсэн шиг зугтаад ярилцлага өгдөггүй хүн намынхаа их хурлын үеэр сэтгүүлчдэд тайлбар өгөв. Тэрээр "би 30 жилийн өмнөөс л бизнес хийсэн, миний бизнесийг улс төртэй хутгаад байна" гэв. Тийм бол түүний хөрөнгийг шүүхүүд, шүүгчид тэнэг болохоороо царцаасан болж таарав уу?, түүний талаар солонгосын эрэн сурвалжлах сэтгүүлчид зохиосон хэрэг үү? гүтгүүлээд байгаа гэх Сү.Батболд өөрийнх нь талаар дөрвөн цуврал нэвтрүүлэг бэлдэн цацаад буй Өрөг.мн сайт, сэтгүүлч У.Болортуяагийн дэлгээд буй баримтуудын эсрэг яагаад нэг ч цаас, баримт бичиг үзүүлсэнгүй, гүтгүүллээ гэж шүүхдэхгүй байна вэ?
Сү.Батболдынхоо хулгайтай тэмцэж чадахгүй жил дамначхаад байгаа МАН авилгатай тэмцэнэ гэх нь зүгээр л хий хоосон үг, уран цэцэрхэл, иргэдэд таалагдах түлхүүр үг гэдэг нь олон хулгайчтайгаа нэг эгнээнд инээгээд сууж буй дүр төрхөөс нь харагдана.