"Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" хөтөлбөр "Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Р.Баярмагнай "Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, дэлхий даяар бүхий л салбар уналтад орсон хэдий ч Авлигатай тэмцэх газраас хэд хэдэн шаардлагатай мэдээллийг оффшор бүсээс гаргуулан авах арга хэмжээг богино хугацаанд үр дүнтэй зохион байгууллаа.
Тухайлбал Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь оффшор бүсэд үүсгэн байгуулсан компаниараа дамжуулж, төрийн өмчит компаниас зохион явуулсан тендер, шууд худалдан авалтын ажилд мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглаж их хэмжээний мөнгө угаасан хэргийг илрүүлэн шалгаж байна.
Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болох Д, Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар оффшор бүсэд компани үүсгэж, байгуулсан. Улмаар тухайн аж ахуй нэгжээрээ төрийн өмчит үйлдвэрийн газарт бараа нийлүүлэх ажлыг тогтмол авах байдлаар хууль бус аргаар ашиг олж, Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг гадаад улс орнуудтай хамтран явууллаа.
Шалгалтын явцад Г нь Лондон хотын төвд 1 сая 100 мянган фунт стерлинг буюу 4.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц худалдан авч, хууль бус хөрөнгөө угаасан болохыг тогтоосон. АТГ-аас уг хөрөнгийг эх орондоо буцаан авчрах зорилгоор гадаад хамтын ажиллагааг зохион байгуулж, энэ оны есдүгээр сарын 16-ны өдөр 4.3 тэрбум төгрөгийг Төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгүүлж, хулгайлагдсан хөрөнгийг эх орондоо авч ирж чадсан" гэв.