МАН-ын 30 дугаар Их хурлын “Эдийн засгийн сэргэлтийн бодлого" хэлэлцүүлэгт Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа нар оролцлоо. Хэлэлцүүлэгт “Эдийн засгийн сэргэлтийн бодлого"-д тусгагдсан зургаан багц асуудлын талаар ярилцсан юм.
“Өнгөрсөн 100 жил бид эх орныхоо тусгаар тогтнолыг баталгаажууллаа. Ирэх 100 жил эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө байх болно. Үүнийг эхлүүлэх нь шинэ сэргэлтийн бодлого. Тиймээс урт хугацааны бодлогоо тодорхойллоо. Гарааны эхний 10 жилд бид юу хийх ёстой вэ? Өөрөөр хэлбэл одоо бидэнд нийгэм, эдийн засгийн чөдөр тушаа болж байгаа боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, ногоон хөгжил, төрийн бүтээмж, хот хөдөөгийн сэргэлтийн тухай зургаан зүйлийг тодорхойлоод дунд, урт хугацаандаа бодлого хэрэгжүүлэх нь бидний том зорилго, эдийн засгийн тусгаар тогтнолоо бий болгоно гэж харж байна.
Манай улс далайд гарцгүй. Гэхдээ хоёр том экспортын далайтай хиллэж байна гэсэн үг. Тиймээс бүтээмж агуулсан, аж үйлдвэржилтийн сэргэлтийн эцэст экспортоо хүссэн хэмжээгээр хамгийн хурдтайгаар дэлхийн зах зээлд жишиг биржийн үнээр гаргах нь хамгийн чухал. Үүний гарц нь боомт. Боомт руу хүргэж өгөх дэд бүтэц. Ингэснээр экспортын бүтээгдэхүүний үнэ хямдарна. Бараа ирэлт хурдасна. Хүссэн хэмжээгээрээ цаг алдалгүй бараа бүтээгдэхүүн, түүхий эдээ экспортолж чаддаг болно.
Ард түмэн нэгэнт сонголт хийсэн бол төр өөрөө шударга байх ёстой. Энэ нь тогтолцооны шинэчлэл. Улс төрийн хоёр том мөчлөгийг ард түмэн МАН-д үүрүүллээ. Энэ найман жилийн хугацаанд бид цаашдын 100 жилийнхээ бодлогыг тодорхойллоо. Эдийн засгийн тусгаар тогтнолынхоо замыг 10 жилдээ засах нь байна. Тэгэхээр энэ хугацаанд бид төрийн бүтээмж бий болгох ёстой” гэж хэлэлцүүлэгийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.