Аливаа улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь Аж үйлдвэржилт билээ. Гэтэл манай улс байгалийн баялгаа боловсруулдаггүй, гаднын улсаас импортоор дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг хангаж байна. Тэгвэл Монгол Ардын Намын XXX хуралд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах зорилтууд тусгасан тухай илтгэлийн үеэр дурдлаа.
“Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого бол манай намын зуун дамнасан бодлогын үргэлжлэл юм. Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа билээ. Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ярилаа.
Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.
МОНГОЛ УЛС ЦААШИД ДИЖИТАЛ ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГ ХАНДЛАГАД НИЙЦҮҮЛСЭН БОДЛОГО ГАРГАНА
Үргэлжлүүлэн тэрбээр “Аж үйлдвэржүүлэх бодлого бол шинжлэх ухаан, технологийн салбарыг бүрэн шинэчлэх зорилт юм. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалаас хоцрохгүй, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн аж үйлдвэржилтийн бодлогоо хамтдаа шинээр тодорхойлцгооё. Үйлдвэржсэн Монголын үйлс бүтэх болтугай” гэв.
Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг билээ.