Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл II багийн Хойд жаргалант хэмээх газар иргэн А 12-р сарын 1-ний 15:00 цагийн орчимд мотоциклоор малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12-р сарын 7-ны 08:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 240 км замыг туулан 11:33 цагт очиж 33 эрэгтэйг эрэн хайх ажиллагааг Хойд жаргалант нууранд завьтайгаар металл хайгч бусад тусгай багаж хэрэгслийг ашиглан зохион байгуулсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 17:30 цагт эрлийг түр зогсоосон байна.
Тухайн иргэнийг гэрээсээ хойш 1 км зайд байх Хойд жаргалант нуурын усанд осолдсон байж магадгүй гэсэн мэдээллийг ар гэрийнхэн нь өгчээ. Нуурын өргөн 380 м, урт 1 км, гүн 1.5-2.5 м орчим аж. Нуурын ус зах хэсгээрээ 20 см, гол хэсэгтээ бүрэн хөлдөөгүй буюу хөлдсөн хэсэг нь 3-5 см орчим зузаантай байна хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.