Шинэ сэргэлтийн бодлогод сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний ажил болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэх зорилт тавьжээ.
“Бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн багана нь эрчим хүчний хангамж гэдэгт нь ойлгомжтой. Эрчээ алдсан эрчим хүчний салбар маань өнөөдөр Монгол Улсын хөгжлийг сааруулагч томоохон хүчин зүйлсийн нэг болсон байна.
Бид газрын доорх ертөнц буюу дулаан, цахилгааны эх үүсвэр, түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдвэрлэхгүйгээр газрын дээрх бүтээн байгуулалт ярих ямар ч боломжгүй. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна” гэж МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
1986 ОНД 4-Р ЦАХИЛГААН СТАНЦ БАРИГДСАНААС ХОЙШ НЭГ Ч ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИГДААГҮЙ
Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ биднээс 5 байтугай 6 дахь дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийг шаардаж байна. Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан.
“Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлцгооё. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллацгаая.
Цахим Монгол, Дижитал үндэстэн болох зорилт бол зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах төдий шийдэл биш юм. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шинээр байгуулагдах Цахим хөгжлийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам илүүтэй анхаарах шаардлагатай.
ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Энэ бүтээн байгуулалт манай улсад зөвхөн эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй эрчим хүчний хэрэглээнд шинэ дэвшил гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж тэрбээр илтгэлийн үеэр ярьсан юм.
Дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах нь эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой билээ.