Монгол Ардын намын 30 дахь их хуралд МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавилаа. Илтгэлийн үеэр Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн 5600 орчим километр төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж төмөр замын сүлжээ бий болгох тухай илтгэлдээ дурдлаа.
Энэ талаар МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. Эрс тэс уур амьсгал, улирлын чанартай бүтээн байгуулалт зэрэг хөгжилд саад болдог хүчин зүйлс багагүй бий. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг.
Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. Бид эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсэж цус харвалтын байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм.
Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм” гэж хэллээ.
Өнөөдөр дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг эрс сайжруулах томоохон зорилтыг дэвшүүлжээ. Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх юм байна.
“Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулцгаая. Шинэ нисэх онгоцны буудлыг Ази, Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болгон өргөжүүлж, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг идэвхжүүлж, дэлхийн хэмжээний иргэний болон ачаа тээврийн компаниудтай нээлттэй, харилцан ашигтай түншлэн ажиллацгаая. Товчоор хэлэхэд боомтын боймыг тайлах болно” гэж МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.