Шинэ жилийн уур амьсгал хэдийнээ орж, ногоон гацуур өнгө алагласан чимгээ зүүн хэн хүний сэтгэлийг догдлуулна. Шинэ жилийг баярыг баярын ширээ, найз нөхдийн халуун дотно яриагүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс л баяр бүрээр зочлох үйлчилгээний салбарынхан цаг наргүй бусдын аз жаргалтай агшинг хамтдаа хуваалцан байдаг билээ. Бид энэ удаагийн “Хөрөг” нэвтрүүлэгтээ “New York Liberty”, “New York Street”, “Tai Elephant” гээд хэдийнээ олны очих дуртай газруудын нэг болсон “TOP CUISINE” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Цолмонг урьж ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
Сайн байна уу намайг Цонхио овогтой Цолмон гэдэг. Би нөхөр хоёр охины хамт амьдардаг. МУБИС-ийг нийгмийн ажилтан мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Дараа нь СЭЗИС-ийг Бизнесийн удирдлагын магистраар хамгаалсан байгаа. Нийтийн хоол, зочлох үйлчилгээний салбарт 10 гаруй жил ажиллаад өөрийнхөө “Top Cuisine” компаниа үүсгэн байгуулаад гурав дахь жилдээ ажиллаж байна.
-Таны эзэмшсэн мэргэжил зочлох үйлчилгээний салбараас тэс өөр. Яагаад энэ салбарт хүч үзэх болов?
Аав ээж минь хоёулаа ардын багш байсан. Таван охины дөрөв дэх охин болж мэндэлсэн. Арван жилээ төгсөөд л бид мэргэжлээ сонгох чухал шийдвэр гаргах болдог шүү дээ. Хүүхэд насны маань хүсэл мөрөөдөл болохоор нийгмийн сайн сайхны төлөө, нийгэмд үйлчлэх тийм ажил хийнэ ээ гэсэн зорилготой байсан. Ийм зорилготойгоор нийгмийн ажилтны мэргэжлийг сонгож анх орж байсан.
Дөрвөн жил бакалавраа төгсөөд нийтийн хоол, рестораны салбарт ажилд орох болсон. Миний сонирхол бол өрсөлдөөн ихтэй бизнесийн салбар юм байна гэдгийг мэдэрч, зочлох үйлчилгээний салбар миний хийж чадах ажил юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд энэ салбар руу орсон.
-Ресторан, хоол үйлчилгээний салбарын хэцүү нь, хамгийн сайхан нь юу вэ?
Энэ салбар маань уртасгасан цагаар, өдөр шөнөгүй ажилладаг. Эхний ээлж нь шөнийн 04 цагт хаагаад гарахад, дараагийн ээлж нь үүрийн 06 цагт ирдэг. Яг энэ салбарт ажиллах явцад, дараа нь энэ компаниа удирдаад явахад мэдээж ар гэрийн дэмжлэг маш чухал. Яалт ч үгүй гэрээсээ ажилладаг салбар биш. Яг ажлын талбар дээрээ байж, ажил дээрээ хүмүүстэйгээ хамт энэ ажлыг хийгээд зогсож байж энэ ажлын үр дүн гардаг учраас ар гэр маань үнэхээр хүчтэй байж, дэмжлэг үзүүлж энэ ажлыг хийх боломж үүсгэдэг. Ар тал маань маш сайн байж чаддаг. Дээрээс нь маш урам зориг өгдөг. Мэдээж шантрах зүйл ажил дээр их гардаг байсан. Тэр болгонд нөхөртэйгөө ярилцана. Яалт ч үгүй ар гэрийн дэмжлэг байхгүй л бол хийхэд тун хэцүү.
Бид сайхан амттай хоолоор үйлчилнэ гэдэг хамгийн эхний сайхан зүйл. Үүнээс гадна хүмүүс ресторанд сайхан баярлах гэж, гэр бүлээрээ сайхан цаг өнгөрүүлэх гэж, хоол идэнгээ хамтдаа ярилцаж суун, найз нөхдөөрөө уулзана. Хүний аз жаргалтай энергийг бид хуваалцаж байдаг.
Үргэлж баяр наадам ресторанаар дүүрэн цалгилж байдаг. Үүний хажуугаар манайх буяны цайллага ч авдаг. Буяны цайллагын хүний гашуудаж байгаа гашуудлыг ч бид хамтдаа хуваалцдаг. Хүний баяр жаргал, уйтгар гунигийг хамтдаа хуваалцаад ажиллана гэдэг маш сайхан. Миний ажлын нийтийн хоолны рестораны хамгийн сайхан нь энд л оршдог гэж боддог.
Манай “New York Liberty”, “New York Street”, “Tai Elephant” гээд гурван салбар ресторан байгаа. Эдгээр ресторанууд маш их онцлогтой. Өөрийн гэсэн брендингийг үүсгэж чадсан. Жишээ нь манай “New York Liberty” ресторан 2009 онд Сингапурын франчайзыг монголд нэвтрүүлсэн. “New York New York”-ын сүлжээг анх “Наран” нэвтрүүлж оруулж ирж байсан. 2009 онд оруулж ирэхдээ яг нийтийн хоолны чиглэл дээр маш том үсрэлт, шинэ брэндинг, өнгө төрх оруулсан. Одоо залуучууд “New York” рестораныг анддаггүй. 2019 онд би өөрийн “New York Liberty”-ын салбарыг “New York Street” гээд “Misheel walking street” дээр нээж байхад, “New York”-ийн сүлжээ юу гээд манайд орж ирсэн хүн бүр асууж байх жишээний. Тэгэхээр “New York New York” гээд гоё брендинг үүсгэж чадсан. Манай Тай ресторан маш онцлогтой. 10 жилийн өмнө монголын анхны зөвхөн Тайланд хоолоороо дагнаад нээгдэж байсан ресторан. Өнөөдрийг хүртэл зөвхөн Тайланд хоолоороо дагнаад л ажиллаж байгаа ганц газар. Энэ гоё зүйлүүдээрээ бид одоо ч гэсэн монголынхоо хэрэглэгчдэд хоол гэдэг зүйлээс гадна брэндинг, тав тух, орчны өвөрмөц байдал, өнгө төрхийг илэрхийлж чадсан гэж өөрийнхөө салбаруудыг боддог.
Хоолоор үйлчлэхээс гадна манайх энтертаймент арга хэмжээ байнгын тасралтгүй хийдэг. Амьд хөгжмийн хамтлаг, дуучид үргэлж ирдэг. Дээрээс нь бид улирлын онцлогтой баяруудаас хамааруулаад олон төрлийн эвент зохион байгуулж байна. Залуучууд маань одоо юу сонирхож байна, юунд илүү анхаарч байна гэдгээс хамаараад, бид сая Halloween баярыг аравдугаар сарын 31-нд “Squid game”- ээр хийсэн. Дэлхий нийтийг шуугиулаад байгаа тэр киногоор хийсэн нь залууст их таалагдсан. Мөн бид Валентины баярын өмнө дандаа “Single party” хийдэг. Эмэгтэйчүүдийн баяраар эмэгтэйчүүддээ зориулсан “Women’s day” байнга зохион байгуулдаг. Зуны улиралд байнгын задгай террас шоу хийдэг. Намар хуримын хүлээн авалтуудад, хосуудад зориулсан гоё эвент зохион байгуулдаг онцлогтой.
-Та хүчирхэг эмэгтэй мөн үү? Таны үлгэр дууриал авдаг ментор хэн бэ?
Мэдээж хүчирхэг хүнээс боломж гардаг гэдэг шиг хүчирхэг байхын тулд маш их хичээж явдаг.
Бизнесийн салбарт олон лидер эмэгтэй байгаа шүү дээ. Хараад бахархаад хүндэтгээд явдаг олон хүн байгаа. Гэхдээ хамгийн ойрын хүн маань “Наран” группийн Ерөнхий захирал Д.Удвал. Тэр захирал маань юун дээр надад илүү ментор болдог вэ гэхээр хэчнээн ачаалалтай завгүй ажилласан ч гэсэн эмэгтэй хүн үргэлж өөрийгөө гоё авч явах ёстой. Стрессээс байнга хол байх ёстой. Өдий 70 нас гарсан хүн хэрнээ энэ олон ажлыг яаж амжуулж байна. Иймэрхүү зүйлээс нь би маш их урам зориг, эрч хүч авдаг.
-Ажил олгогч болоод мэдэрсэн ойлгосон хамгийн чухал сургамж юу байсан бэ?
Энэ салбартаа 10 гаруй жил удирдах албан тушаалтан хийж байгаад ажил олгогч болоод өөрчлөгдөнө гэдэг асар өөр зөрүүтэй зүйл байсан. Хамгийн чухал нь юу вэ гэхээр нэг ажилтны маань цаана дор хаяж 2-3 хүн байдаг. Цаана нь гэр бүл гэж том зүйл байгаад байна. Гэр бүлийн татлаа, түлхээ юу байна, ямар хүмүүстэй байна, түүнээсээ хамаараад ажилтны маань сэтгэл зүй, бүтээмж нь хүртэл өөрчлөгддөг. Ганцхан хүнтэй би ажиллах биш гэр бүлтэй нь олон хүнтэй ажиллаж байна гэж боддог. Одоогоор манай компани 70 гаруй ажилтантай.
-“Top Cuisine” компанийн алсын хараа, хэтийн зорилгын тухай танилцуулаач?
Манай “Top Cuisine” компани гурван салбар ресторанаас гадна кофе шоптой, жижигхэн “Taste of Naadam” гээд наадмын хуушуурын кеосктой. Таван салбартай, том кофе шопоо нээхээр бид бэлтгэл ажилдаа орчихсон байгаа. Дараа дараагийн олон салбараа нээхээр гэрээний байдалтай, бэлтгэл ажилтай явж байгаа.
Бидний цаашдын алсын хараа бол топ групп болох. Хамгийн чухал нь групп болоод нэг хүн баяжаад, нэг хүний халаас томрохоос илүү компани нь өөрөө баян байг. Ажилтнууд маань бүгдээрээ ажилдаа сэтгэл хангалуун баян байг гэж харж байгаа.
Компаниасаа гадна бид нийгмийн сайн сайхан зүйлд маш их хөрөнгө оруулна. Бид одоо ч тэрийгээ эхэлсэн. Зул сарын баяр бүрээр буюу асрамжийн газрын хүүхдүүдэд хоол хүргүүлдэг. “Юу байна, түүгээрээ” гэдэг шүү дээ. Хоол хүргүүлдэг, сайхан амттай пиццагаараа дайлдаг. Энэ маань улам цаашаа томроод “Top Cuisine” компанийн хэрэгцээ хаана үүсэж байна тэр болгонд хүрч ажиллах юмсан гэсэн том алсын хараатай, зорилготой ажиллаж байна.